Мөнгөний бодлого

Бодлогын хүүг буурууллаа 2016-12-19 18:16

Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Энэ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилготой гэжээ.

Бодлогын хүүг бууруулах шийдвэрт дараах хүчин зүйлийг харгалзан үзсэн байна.

Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж (зорилтот түвшин найман хувь), эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Мөн гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө.

Түүнчлэн ирэх оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарна гэсэн хүлээлт энэ шийдвэрт нөлөөлжээ.  

Тиймээс бодлогын үр нөлөө, цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.

Монголбанкнаас 2016 оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг дөрвөн нэгж хувиар нэмэгдүүлсэн юм.  Энэ нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн гэж үзэж буй аж. 

 

 

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД