Банк, санхүү

Хамтарвал илүү том, илүү хүчтэй 2016-12-21 11:01

Монголд 499 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  Санхүүгийн нийт зах зээлийн 96 хувийг банкууд эзэгнэж, үлдсэн өчүүхэн орон зайг даатгал, хөрөнгийн захынхантай хуваалцаж байгаа гэхэд энэ бол хэтэрхий хангалттай тоо.
 
Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн аравдугаар сард ББСБ-ын дүрмийн сангийн босгыг хоёр дахин өсгөж 2.5 тэрбум хүргэсэн нь үүнтэй холбогдож байгаа юм. СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн тайлбарлаж буйгаар “Эдийн засагт бий болоод байгаа эрсдэлийг улам гүнзгийрүүлэхгүй байх, багасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд энэ салбарт тодорхой хэмжээний эрсдэлийг даван туулах чадавх бүхий мэргэжлийн компаниуд бий болгох шаардлага тулгараад байна” гэжээ.
 
Товчхондоо, нэг ББСБ дампуурахад түүнд итгэж хувь нийлүүлсэн хэд хэдэн хүн хохирно. “Хадгаламж зээлийн хоршооны хэрэг” гэгддэг хэрэг явдал ахин давтагдаж мэдэхээр нөхцөл байдал бий болжээ. Өнөөдөр энэ салбарын чанаргүй зээлийн хэмжээ 20 хувьд хүрсэн байна. Тиймээс шинэ босгыг давж, тогтвортой үйл ажиллагаагаа хангаж чадахуйц цөөн ББСБ л зах зээлийнхээ багтаамжид таарсан чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой юм.
 
Энэ шаардлагын дагуу ББСБ-ууд дүрмийн сангаа өсгөх шаардлагатай болж байна. Гэтэл энэ олон өрсөлдөгчтэй, жижиг зах зээл дээр ийм боломж хомс. Харин өөр нэг арга зам нь хоорондоо нэгдэх явдал. Нэг талаас энэ нь ББСБ-уудад үйл ажиллагаагаа тэлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж болж байна. Тухайлбал, хоёр жижиг ББСБ нэгдсэнээр илүү их зээл олгож, илүү их хүүгийн орлого олох боломжтой гэсэн үг.
 
Гэхдээ л ББСБ-ын хувьд үйл ажиллагаагаа тэлэх орон зай нь хязгаарлагдмал юм. Ямар ч эрсдэлгүй, эргэн төлөлт нь 200 хувь баталгаатай байлаа ч тэд өөрсдийн хөрөнгөөсөө хэтэрсэн зээл олгох эрхгүй. Тиймээс нэгэнт л нэгдэж байгаа юм бол илүү том, бүр банк байгуулж яагаад болохгүй гэж? 500 ТББ-ын таван хувь нь нэгдэхэд нэг банк байгуулчих дүрмийн сан бүрдэнэ.
 
“Ард санхүүгийн нэгдэл” хаалттай хувьцаат компаниас энэхүү санаачилгыг нийт ББСБ, үнэт цаасны компаниудад хандан гаргаад байна. Тус хамт олон өмнө нь яг ийм замаар Хасбанкийг байгуулсан туршлагатай баг. Харин энэ удаа илүү олон хувь нийлүүлэгчтэй, “Хоршооллын банк” гэх шинэ үйлчилгээ, зах зээлийг бий болгохоор ажиллаж байгаа аж. ББСБ-ууд ч энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа хэмээн "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Санхүү болон Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал А.Идэрбат ярилаа.
 
Их бага хэмжээний дүрмийн сантай, харилцан адилгүй зээлийн багцтай байгууллагууд ийн нэгдэхэд олон хувилбар байж болох аж. Шинэ банк нь өнөөдрийн банкны үйл ажиллагаанаас ихээхэн ялгаатай, “франчайзинг” хэлбэртэй байхаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, тухайн ББСБ-ын эзэд тус банкны дүрмийн санг бүрдүүлэлцэж, зээлийн багцаа шилжүүлснээр одоо эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоохгүй, харин ч үйлчилгээгээ илүү өргөжүүлэх юм. Үгүй бол зээлийн багцаа шилжүүлж, хувьцаа эзэмшигч болоод түүнээсээ ашгаа хүртэж ч болно. Хамгийн чухал нь ерөнхий менежментийг “Ард санхүүгийн нэгдэл”-д итгэж хариуцуулах уу, үгүй юү? гэдэг л сонголт.
 
 
Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД