Эрүүл мэнд

Гаднаас илүү доторх нь аюултай 2016-12-21 18:09

Гэр орон болоод албан тасалгааны агаар ч бохирддог. Улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогджээ. Бид Улаанбаатарын утааг багасгаж чадахгүй ч гэр орон, албан тасалгааныхаа агаарыг цэвэршүүлэх боломжтой. Ингэснээр орон гэрээ жинхэнэ “аюулгүй газар” болгож чадна.

Жил бүр 5,5-7 сая хүн агаарын бохирдлоос болж амиа алдаж байна. Үүний дөрвөн сая нь дотоод орчны бохирдлоос болж амиа алддаг байна. Энэ нь хөгжиж буй орнуудаар хязгаарлагдахгүй бөгөөд хөгжингүй орнуудын иргэдийн насжилтад ч сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Ялангуяа хөгжиж буй орнуудад дотоод агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт өндөр байгаа юм. Жишээ нь Европ тивд гэр, албан тасалгааны агаарын бохирдол хүний насыг 1-2 жилээр хороодог нь тогтоогджээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/ -ийн гаргасан судалгаагаар хотод амьдардаг иргэдийн 80 гаруй хувь нь дотоод агаарын бохирдолд нэрвэгддэг гэж мэдэгджээ.
 
Дотоод агаарыг бохирдуулагч гол буруутан нь хоол хийх, тоос соруулах үед дэгддэг PM2,5, /диаметр нь 2,5 микрон хэмжээтэй, цусны улаан бөөмийн хэмжээг гурав хуваасны нэгтэй тэнцэх/ бичил тоосонцор юм. Энэхүү бичил тоосонцор амьсгалын замд бөөгнөрөн улмаар зүрхний хэмнэлд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс гадна зүрхний хавлагийн эмгэг, зүрхний хэм алдагдах, уушгины архаг үрэвсэл, архаг багтраа зэрэг ноцтой өвчин эмгэгийн шалтгаан болдог.
 
Харвардын их сургуулийн орчны эрүүл ахуй судлаач Жозеф Аллен “1950 -аад он хүртэл дотоод агаарын бохирдлыг тооцоогүй барилгууд баригдаж ирсэн. Харин сүүлийн үед мэргэжилтнүүд энэ асуудалд анхаарах болсон. Гэсэн ч нүүрсхүчил болоод тоосжилтын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй л байна” гэж мэдэгджээ. 1984 онд гаргасан ДЭМБ-ын цогц судалгаагаар дэлхий даяар баригдаж буй барилгуудын 30 хувь нь дотоод агаарын бохирдол бий болгодог гэж мэдэгджээ. Харин сүүлийн үеийн оффисын зориулалтын барилгуудад агаар бохирдуулагчийг мэдрэх систем, мөн агааржуулагч суурилуулах болсон.
Энэхүү систем нь албан тасалгаан дахь агаарын бохидол нэмэгдсэн үед автоматаар ажиллах горимтой.
 
Сан-Францискод байрлах Аклима компанийн захирал Давид Херзл байгууллагын агаарын чанар шалгагч төхөөрөмж бүтээжээ. Энэхүү төхөөрөмж албан тасалгааны нүүрсхүчил болоод тоосонцрын талаар мэдээлэх юм. Шинэлэг бөгөөд үр дүнтэй бүтээдэхүүн болсон талаар мэргэжилтнүүд ч хэлж байна. “Жишээ нь, хурлын танхимын агаарын солилцоо муудаж, нүүрсхүчлийн хий хуримтлагдсан талаар мэдээлэх үед хурлаа зогсоох” зэргээр ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарах бололцоо олгодог тухай Херлз өгүүлж байна. Тэрээр мөн “Энэхтхэг, Хятад зэрэг агаарын бохирдолтой улсууд нэмэгдсээр байна. Уг төхөөрөмж 2050 он гэхэд барилгын зайлшгүй нэг бүрдэл хэсэг болно” гэж мэдэгджээ.
 
Дотоод агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ
 
Гэр орон, албан байгууллагад зориулалтын агааржуулагч /албан байгууллагын хувьд агааржуулах систем/ байрлуулах.
Найрлагандаа ямар нэгэн химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг зориулалтын хайрцганд хадгалах.
Угаалгын бодисуудыг хооронд нь хольж хэрэглэхгүй байх. Зааврыг нь сайн унших.
Байгууллагын албан тасалгааны агаар бохирдуулагч принтер, хувилагч, өндөр хүчин чадал бүхий компьютер зэрэг төхөөрөмжийг хэрэгцээгүй зүйлд ашиглахгүй байх.
Байгууллага болоод гэр орны агаарын солилцоог сайжруулах. Боломжтой бол цонхоо онгойлгож байх.
Цахилгаан хэрэгслийг нэг газар бөөгнөрүүлэхгүй байх.
Байгууллагын цахилгаан хэрэгслийн эвдрэлийг нэн даруй засаж хэвших. Агааржуулагч, принтер, агаар чийгшүүлэгч гэх мэт хэрэгслийг байнга шалгаж, засах.
Хивс, ширдэг зэргийг байнга цэвэрлэж байх. HEPA (Өндөр чадамж бүхий) тоос сорогч хэрэглэх. Мөн хивс, ширдэг зэргийг норгохгүй байх.
Агаар цэвэршүүлдэг цэцэг, ургамал тарьж ургуулах.
Гэр орон, албан тасалгаанд тамхи татахгүй байх.
Муур, нохой зэрэг тэжээвэр амьтныг эмчийн үзлэгт тогтмол хамруулах. Тэжээвэр амьтны ариун цэврийг чанд сахих.
М.Билгүүн

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД