Боловсрол

Азийн шилдэг их сургууль болно 2016-12-22 15:33

Засгийн газар манай улсын дөрвөн их сургуулийг “Азийн шилдэг их сургууль” болгохоор зорьж байгаа. Энэ зорилгын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран дээд боловсролын чанарыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр төслийн үйл явцыг танилцуулах “Дээд Боловсролын Шинэчлэл-2016” үзэсгэлэн зохион байгуулав.
Манай улсад 100 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 100 мянга гаруй оюутан суралцаж байна. Хүн амд эзлэх дээд боловсролтой иргэдийн тоогоор манай улс дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Харин сургалтын чанар олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй байна. Дээрх дутагдлаа нөхөх, Азийн боловсролын салбарт манлайлах зорилгоор Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлээд байгаа юм. Төсөл оюутны бүтээлч байдлыг хөгжүүлэх, сургууль болоод оюутны санаачилсан төсөл, санаачилгыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байна.
БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Бид дээд боловсролын чанараар дэлхийд биш юм гэхэд Азид хүчтэй өрсөглөдөгч болохыг зорьж байна. Үүний тулд төр засгаас боловсролын салбарт анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаа ч дээрх зорилгын хүрээнд хийгдэж байгаа гэж ойлгож болно. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулснаар бүс нутагтаа өрсөлдөх боломж нээгдэнэ” гэв.
Одоогоор төслийн хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа. Ингэхдээ таван чиглэлийн 207 төсөлд хөрөнгө оруулаад байна.
“Дээд боловсролын шинэчлэлийг дэмжихийн тулд оюутнуудын оюуны бүтээлийг үнэлэх шаардлагатай. Мөн суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Бид ч энэ чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Одоогоор Азийн хөгжлийн банк 117 төсөлд 342 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Үүнээс гадна сургалтын чанарыг сайжруулах санал, санаачилгыг дэмжин ажиллаж байна” гэв.
Оюутны сурч боловсрох таатай орчинг хөгжүүлэх нь уг төслийн бас нэгэн зорилго юм. Судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд их дээд сургуулийн 12 лабориторид нэг сая 103 мянган долларын хөрөнгө оруулаад байгаа юм. Уг төсөл 2018 он хүртэл хэрэгжинэ.

М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД