Эрүүл мэнд

Хавдраар биш ханиадаар үрэгдэж буй үрс 2016-12-26 15:36

Өнөөдөр эцэг эхчүүд утаанаас үр хүүхдээ хамгаалахаар нийслэлийн төв талбайд жагсав. Бухимдсан эцэг эхчүүд Монгол улсын ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанд тус тус шаардлага хүргүүлээд байна.
Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс тав дахин их байна. Улмаар иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учируулах болов. Тэр дундаа бага насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан болоод байгаа. 2015 онд л гэхэд 0-5 насны 435 хүүхэд уушгины хатгалгаар энджээ. Ийм нөхцөл байдал эцэг эхчүүдийг гудамжинд гарч тэмцэхэд хүргээд байгаа юм. Эцэг эхчүүдийн тавьж буй шаарлага нийт 15 зүйлтэй. Шаардлагад “Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах”, “Эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх”, “Гэр хорооллын цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэх төхөөрөмж байрлуулах” зэргийг шаардаж байгаа юм.
 
Жагсаал зохион байгуулагч Ц.Пүрэвхүү “Утаа гамшгийн түвшинд хүрснийг төр засаг хүлээн зөвшөөрөх ёстой. Гамшгийн хэмжээнд хэдийнэ хүрээд байхад мэдээгүй дүр эсгэж буй төр, засагт гомдож байна. Засгийн газар дараагийн хуралдаанаа Баянхошуунд очиж хийхийг шаардаж байгаа. Учир нь Баянхошуу бол Улаанбаатар хотын хамгийн бохирдолтой цэг юм. Тэнд өнөөдөр 7000 жирэмсэн эх байгаа. Энэ хүмүүстэй уулзахыг шаардаж байна. Өнөөдөр бид Монголын ээж аавууд амьдын хагацал бүү үзээсэй, үр хүүхдүүд эсэн мэнд өсөөсэй гэсэн зорилгоор жагсаж байна.” гэв.
Улаанбаатарын утаа эрүүл хүүхдээс гадна хүнд өвчин туссан үрсэд аюул учируулж байгаа юм. 
 
Ш.Будсүрэн “Манай хүүхэд хорт хавдраар 2011 онд өвдөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ ч амжилттай болоод буцаж ирсэн. Гэтэл Улаанбаатарт ирээд удалгүй ханиад хүрсэн. Эх нялхаст хэвтэхэд архаг цус багадалтад орсон гэж оношилсон. Цус хийлгэх гэтэл шүүсэн цус нь Монголд байдаггүй. Ингээд буцаад есөн сая вон зарлагадаж Солонгос явсан. Өнөөдөр хүүхдүүд хавдраар биш ханиадаар үрэгдэж байгаад ээж хүний хувьд сэтгэл өмөрч байна. Солонгост эмчлүүлж байсан хэд хэдэн хүүхэд эмчилгээ нь амжилттай болсон ч энд ирээд ханиадаар үхэж байна. Энэ бол үгээр зүйрлэшгүй гамшиг” гэж нулимс дуслуулан ярьсан юм.
 
Баянгол дүүргийн өндөр настан Т.Алтанцэцэг /75 нас/ “Манай ач ханиад хүрээд улмаар чих нь өвдөж эхэлсэн. Олон төрлийн эм өгснөөс болоод одоо бөөлждөг болоод байна. Одоо элгэнд нь өөрчлөлт орж эхэлсэн. Одоо ачаа гадаа гаргахаас ч айж байна. Багаасаа элэг, уушгины өвчтэй болох вий гэж эмээх юм. Ачаа хараад элэг эмтэрч байна”.
 
Баянзүрх дүүргийн 12-р хорооны өндөр настан Ж.Чулуунбаатар /70 нас/ “Зургаан ач зээтэй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө би 2012 оноос эхлэн өөрийнхөө хэмжээнд тэмцэж байна. Ач зээ нар маань өвчнөөс салахаа байлаа. Зөвхөн хүүхдүүд төдийгүй хөгшин настай бидэнд ч муугаар нөлөөлж байна. Архаг багтраа, астма гээд өвчин тусах нь нэмэгдээд байна. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг эмэнд л зарцуулдаг боллоо. Залуучууддаа хандаж хэлэхэд нийгмийн идэвхтэй байж үр хүүхдүүдийнхээ төлөө нэгдье гэж уриалж байна”.
 
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн Н.Дударий /68 нас/ “Эгч нь таван хүүхэдтэй 11 ач зээтэй. Утаа хүний биед төдийгүй сэтгэл зүйд муугаар нөлөөлж байна. Эрчүүд нь ууртай, уцаартай, хөл хүнд эмэгтэйчүүд нь гэрээс гарахгүй хэвтэх юм. Удаан хөдөлгөөнгүй хэвтсэнээр ураг бүтэх, дутуу төрөхөд хүрдэг. Дээрээс нь сэтгэл зүйн дарамт ч урагт муугаар нөлөөлж байна гэж үзэж байна. Эгч нь үр хүүхдүүддээ, охиддоо санаа зовоод өнөөдөр энэ жагсаалд оролцож байна”. Цугласан олны дунд хүүхдээ тэвэрсэн аав байв.
 
С.Гантөмөр “Саяхан миний охин хатгаа туссан. Улсын эмнэлгээр явахад хэцүү. Ор байхгүй, хүрэлцээ муутай. Хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Эхний өдөр үзлэг, шинжилгээ гээд 100 гаруй мянган төгрөг шаардлагатай болсон. Дараа өдрөөс 40-50 мянган төгрөг гэх мэтчилэн зарлага гарсан. 7-8 хоног эмнэлэгт хэвтсэн гэж бодоход чамгүй зардал гарсан. Гэхдээ үр хүүхдийнхээ төлөө яалтай билээ. Улаанбаатарт амьдрах боломжгүй болсон гэдгийг л ойлгосон. Эмч нар бол сайн. Харин хүүхдээ эмчлүүлэхэд эмнэлэг байхгүй нь хамгийн хэцүү санагдсан” гэж учирлав.
 
Эцэг эхчүүд ийм бодолтой байна. Харин төр засаг өнөөх л утаагүй зуухаа ярьсаар. Түүнийхээ оронд ядаж эмнэлэгт хэдэн ор нэмэрлэвэл илүү олон хүүхдийн амийг аврах ч юм билүү.

М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД