Улс төр

Ц.Мөнх-Оргил: Гадаад хүн Монголд давхар харьяалалтай байхыг зөвшөөрөхгүй 2016-12-26 16:41

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр Далай ламын айлчлал, давхар харьяалал, димпломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах гэсэн асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ.

Юуны өмнө тэрбээр Далай ламын Монгол дахь айлчлалын асуудлаар “Өдрийн сонин”-оос өөр ямар нэгэн гадна, дотнын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл, ярилцлага өгөөгүй гэдгээ  хэлээд “Засгийн газар БНХАУ-ын “Нэг хятад” бодлогыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжиж, Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн болохыг хүлээн зөвшөөрөх болно” гэв.

Түүнчлэн Далай ламын айлчлал шашны агуулгатай байсан ч хоёр улсын харилцаанд үл ойлголцол бий болгосонд харамсч байгааг БНХАУ-ын талд илэрхийлсэн байна. Айлчлалыг Засгийн газраас зохион байгуулаагүйг нэмж тодруулсан юм. Далай ламын хувьд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд ахин Монголд айлчлахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Давхар харьяаллын тухайд олон нийтийн дунд буруу ойлголт түгсэн болохыг тэрбээр хэлэв. Өдрийн сонины дугаарт сэтгүүлч эл асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нийтлэлдээ сайд Ц.Мөнх-Оргилын зургийг нийтэлж, түүний хэлсэн үгсийг буруугаар тайлбарлан бичсэн нь сайд ярилцлага өгсөн мэтээр ойлгогдсоноос, худал мэдээллүүд гарах болжээ.

Тэрбээр, “Нэгдүгээрт, энэ асуудал Засгийн газраар албан ёсоор хэлэлцэгдээгүй, судлагдаж байна. Есдүгээр сард “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” Улаанбаатарт болж чуулганаар төрд хандан хоёр хүсэлт тавьсны нэг нь “Зарим тохиолдолд харьяаллаа алдсан монголчуудаа буцааж харьяалалд нь авах” тухай байсан учир Засгийн газар асуудлыг судалж байгаа” гэлээ.

Өнөөдөр дэлхийн 172 орноос 50 улс давхар харьяаллыг зөвшөөрч, 51 нь эс зөвшөөрчдөг бол 71 улс онцгой тохиолдолд зөвшөөрч байна. Монгол Улсын Засгийн газар “онцгой тохиолдол”-ыг судалж байгаа бөгөөд “Гадаадын хүн Монголд давхар харьяалалтай болохыг зөвшөөрөхгүй” гэдгийг тэр мэдэгдлээ.  

Онцгой тохиолдол гэдэг нь Монгол Улс болон тухайн улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу, ажиллаж амьдрах шаардлагаар Монголын Улсын иргэний харьяаллаа алдсан, гадаадад төрсний улмаас тухайн улсын иргэний харьяалал авсан хүүхдэд Монгол Улсын харьяалал олгох тухай асуудал аж. Ойролцоогоор 24 мянган монгол хүн Монгол Улсын харьяалал авч чадахгүй байгаа ажээ.

Давхар харьяаллын асуудлаар олон нийтийн сүлжээнд Хятадын олон иргэнийг “Монголд бүртгэх гэж байна” гэсэн утгатай мэдээлэл түгсэн нь “Хятад Улс давхар харьяалал зөвшөөрдөггүй улс учир” боломжгүй гэдгийг тодотголоо. Харин хойд хөрш ОХУ болон Казахстанд онцгой тохиолдолд өөрийн үндэстнүүдэд давхар харьяалал олгодог байна.

Эцэст нь дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, маргаашнаас УИХ-аар хэлэлцэх юм. УИХ-аас өнгөрсөн сарын 23-нд тогтоол гаргаж Засгийн газарт “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үндсэн чиг үүрэг, ажлын ачаалал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр тэдгээрийн ач холбогдол, байршлыг шинэчлэн тодорхойлж шаардлагатай тохиолдолд зарим диплоамат төлөөлөгчийн газрыг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах санал бэлдэх” үүрэг өгчээ. Түүнчлэн Засгийн газраас бүх яаманд хэмнэлтийн бодлого баримтлах үүрэг өгч байгаатай холбоотой гэлээ.

Дээрх тогтоолын дагуу Индонез, Бразил улс дахь Элчин сайдын яам, БНХАУ-ын Хайлаар, Японы Осака дахь Ерөнхий консулын газраа татан буулгах санал боловсруулжээ. “Ингэснээр жилд 1,6-1,8 сая долларын хэмнэлт гарна” гэв.

Энэхүү саналыг боловсруулахдаа харилцан тэгш байх зарчим буюу Монголд Элчин сайдын яамтай улсад Монгол Улс Элчин сайдын яамтай байх болон улс орны худалдаа, эдийн засгийн харилцааны төвшин, тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн тоо, бусад улс орон дахь дипломат төлөөлөгчийн газруудын хавсран эрхлэх боломжийг харгалзан үзсэн байна.

Индонез улсад 27, Бразилд 25 иргэн байнга оршин сууж байгаа бөгөөд эдгээр улстай хийж буй худалдааны эргэлт 10 сая долларт багтаж, жилд 400-500 мянган долларын зардал гаргаж байна. Харин Хайлаарын консулын газрыг татан буулгаж Шанхайд шинээр байгуулах талаар саналд тусгажээ. Учир нь Хайлаарт байнга ажиллаж амьдардаг 7-10 иргэн бий бол Шанхайд зөвхөн оюутан л гэхэд 700 орчим монгол хүн сурдаг аж. Мөн Гуанжу, Гуандо зэрэг Өмнөд Хятадын хотуудад ажиллаж амьдарч байгаа олон монгол иргэнд үйлчилгээ хүрэхгүй байна гэдгийг тэрбээр хэллээ.  

 

Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД