Хүний хөгжил

Цахим амьдралын тухай өчил 2016-12-27 17:24

Интернет технологийн хөгжил, тэр тусмаа олон нийтийн сүлжээ олон хүний амьдралыг цахим орчноос хараат болгов. Тэдний нэг бол католик сүсэгтэй блогчин Эндрю Салливан (Andrew Sullivan) юм. Энэ эрэгтэй “The New York Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  цахим хараат байдлаас хэрхэн ангижарсан, мэдээллийн хувьсгал хүний амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар илэн далангүй ярьжээ.
“Монголиан Экономи” түүний хэлсэн ярианаас хамгийн хэрэгтэй гэж үзсэн хэсгийг нь түүвэрлэн хүргэж байна.
 
Онлайн амьдрал
Мансуурах донтой хүний нэгэн адил би өөрийгөө сүйтгэж байна гэдгээ ойлгож байлаа. Өглөө болгон орноос өндийгөөд л компьютерийн ард сууна. Эцэс төгсгөлгүй олон гэрэл зураг, дүрс бичлэг, тайлбар, мэдээ, сайтаас сайт руу үсэрсэн байдал миний амьдрал байлаа. Үүрийн гэгээнээс шөнө дөл болтол жиргэж, сайтын мэдээллээ шинэчилж, ахиад жиргэж, дахиад шинэчилж байсаар нэг мэдэхэд олон жил өнгөрсөн байв.
Олон нийтийн сүлжээнд өөрт төрсөн бодол, инээдтэй, хөгжилтэй зүйлс нийтлэх нь миний хувьд бараг хоол идэх, амьсгалах адил хэрэгцээ болж хувирсан юм. Тийм ээ, би ганцаарддаггүй байсан. Яагаад гэвэл өөрийн уншигчидтай байнга харилцана. Надад фэйсбүүк, твиттерээр харилцдаг 100 мянган уншигч байлаа.
Интернет миний амьдралын салшгүй хэсэг болсон юм. Хэзээ ч зогсдоггүй, байнга шинэчлэгддэг, өөрийгөө сануулдаг тийм л амьдрал. Цахим орчинд буй хүний тархи мянга мянган гарчиг, зурвас, сонордуулга /notification/ -ын дайралтад өртөж бодит ертөнцөд оршин байх боломжоо алддаг.
Яваандаа энэ байдал миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөв. 12 сарын дотор дөрвөн удаа хатгаа авч өвчлөх болгонд өмнөхөөсөө хүндэрч байв. Түүгээр барахгүй зүүд маань эцэс, төгсгөлгүй HTML код болж хувирав. Нэг удаа эмч маань ээлжит антибиотекууд бичиж өгөхдөө “Эндрю, чи ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй байсан ч аваагүй, гэхдээ интернетээс болж үхэж мэднэ шүү” гэж хэлэв.
Өмнө нь би цахим амьдралыг бодит амьдралын нэмэлт хэсэг гэж үздэг байлаа. Би өөртөө “Тийм ээ. Би цахим орчинд олон цаг өнгөрөөдөг ч миний бие бодит амьдралд оршин байгаа учраас айлтгүй” гэж хэлдэг байлаа. Гэвч удалгүй нэг л зүйл буруу тийш явж, бие маань муудаж, аз жаргалыг мэдрэхээ байснаа ойлгов. Цахим орчинд бүх ажлаа амжуулдаг давуу тал маань зэрэглээ болж хувирав. Интернет миний амьдралыг сүйтгэж буйг ойлгосон юм. Бас таны амьдралыг сүйрүүлж магадгүй шүү. Цахим орчинд байсан хором бүр миний бодитоор амьдрах, гэр бүлтэйгээ, найз нартайгаа харилцах, гадуур зугаалах, спортоор хичээллэх, ном унших цагийг маань хомсолж байсан юм.
 
 
Офлайн амьдрал
Би ном унших гэж хамаг байдгаараа хичээсэн ч толгойд юу ч тогтохгүй байлаа. Хэдхэн хуудас уншаад л гар маань өөрийн эрхгүй компьютерийн гар луу зүтгэнэ. Бясалгал хийх гэж оролдсон ч тархинд овоорсон хэрэгтэй, хэрэггүй олон бодлоос салах маш хэцүү байв. Нэг л мэдэхэд түмэн зүйлийн бодол толгойд орж ирнэ. Гэхдээ би хичээсэн. Өдөр болгон хэдэн цаг ганцаараа, чимээгүй орчинд байхыг хичээж эхлэв. Гэвч компьютер миний бодол санаанаас гарахгүй зовоож байсан юм. Нүдээ аньсан ч нөгөө л олон гэрэл зураг, коммент, дүрс бичлэг, жиргээ, смайликууд “Би энд байна, би энд байна” гэж хашгирна. Үүнээс болж би галзуурах вий дээ гэсэн айдас ч төрж байлаа.
Цахим амьдралтай салах ёс хийсний дараа би нэгэн бясалгалын төвд явж эхэлсэн юм. Бодит амьдралд эргэн ирэх эцсийн цэг маань болно гэж бодлоо. Энд би есөн сар хичээллэв. Эхлээд би хүмүүс нэг өрөөнд цугласан атлаа юу я ярихгүй чимээгүй суугаад байхад гайхаад зогсоогүй, балмагдав.
Чимээ аниргүй байдал энэ төвийн хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг, оршихуйн утга учир байв. Ингэж чимээгүй байх нь аймшигтай уйтгартай байх даа гэсэн бодол төрж байв. Гэхдээ энэ чимээгүй орчинд би аажмаар илүү бодлуудаасаа салж, амьсгалын хэмнэл маань удааширч эхлэв. Би олон үнэр мэдэрч, судасныхаа цохилтыг сонсдог болов.
Огт тоодоггүй байсан зүйлс сонирхол татдаг болов. Нэгэн удаа ойд зугаалж явахад хачирхалтай зүйл болсон нь амьдралдаа олон жилийн дараа би навчин завсраар тусч буй намрын нарны туяа, өвсөн толгойн найгаа, хуучин чулуун ханыг ороосон модны үндсийг тогтож анзаарав. Дадсан зуршлаараа утсаа гаргаад зургийг нь авах гэтэл халаас хоосон байв. Тэгээд зүгээр л хэсэг зуур харж зогсов. Амьдралдаа анх удаа ойн шувууд ямар гоё жиргэдгийг сонсов.
 
Цахим ертөнцийн мөн чанар
Би интернетийн давуу талуудыг үгүйсгэхгүй. Их хэмжээний мэдээлэл олох, олон хүнтэй, түүгээр барахгүй бодит амьдралд уулзаж чадахгүй хүмүүстэй холбоо тогтоох боломж зөвхөн интернетэд бий. Гэхдээ онлайн амьдрал офлайн амьдралыг орлох ёсгүй.
Найзтайгаа харилцахын тулд гар утсаа хэр их ашигладгаа та нэг бодоод үз дээ. Утсаар залгаж мөнгө гарздахын оронд мэссэнжэрээр хэдэн үг бичихэд хангалттай.
Цахим технологи хүний дадлыг доройтуулдаг. Жишээ нь, GPS ашигладаг болсноор хүн эргэн тойрноо нүдээр баримжаалах хэрэгцээ алга болж, энгийн амьдралд тохиолддог олон зүйлийг хянах дадлыг мохоодог. Та ресторанд ороод л хар. Хүн болгон утас руугаа гөлрөн сууна. Та ч бас дэргэд нь суугаад өөрийн утсыг нээнэ. Энэ бүхний үр дүн юу вэ? Хувийн уулзалт, амьд яриа, харилцаа аажмаар алга болж байна.
Твиттер танд аз жаргал өгөхөөсөө илүү баяр баяслыг тань хомсолно гэвэл дөхнө. Миний бодлоор гар утас, GPS, ipad зэрэг авсаархан төхөөрөмж нь нэгэн төрлийн сэргээшийн үүрэг гүйцэтгэдэг.

Г.Даваадорж  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД