Аялал жуулчлал

Жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ 2017-01-05 09:59

Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа.
 
Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх юм. Энэхүү тогтоолд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.  Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ тарифыг жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс дараа оны 05 дугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлд тодорхой ажлууд зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.  
 
Ингэж аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх  боломжтой аж. Иймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. 
 
Тус үйлдвэрийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.
 
 
Дэлхийн 97 улсын 60 нь буюу 62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна. Манай улсад аялал жуулчлалын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц байхгүйтэй шууд холбоотой гэж салбарын яам үзжээ.
2015 оны байдлаар дэлхийд 1,3 тэрбум гаруй хүн аялсан бол 2030 он гэхэд 1,8 тэрбумд хүрэх таамаглал гарчээ. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 10, худалдаа үйлчилгээний 30, татварын орлогын 5 хувийг эзэлж, 11 хүн тутмын нэгийг ажлын байраар хангадаг байна.
А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД