Улс төр

Хуулиар тоглох наадгай 2017-01-05 14:21

Гадны хөрөнгө оруулагчид Монголын эрх баригчдаас “хуулиа үе үе өөрчлөхөө болиоч” гэж хэсэг учирлаж үзээд, үг авахгүй болохоор нь бүгдээрээ гараад явцгаасан. Ялангуяа уул уурхайн салбарын хууль, тогтоомж хэчнээн удаа өөрчлөгдсөнийг тооцоход бэрх. Манай улсад хууль тогтоогч байгууллага нь УИХ гэгдэх боловч, мөн чанартаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаас хойш УИХ, Засгийн газрыг тэлээлж алба хашдаг гишүүдээр, гишүүд нь фракциар дамжуулах маягаар парламентжсан Засгийн газар хууль санаачлаад УИХ-аар батлуулдаг  жишиг тогтоод удаж байна. 2012-2016 оны Засгийн газар олон хуулийг шинээр баталж, шинэчилж, нэмэлт, өөрчлөлт оруулсан. Зарим хууль сайд солигдох болгонд өөрчлөгддөг байв.
 
Энэ завхрал 2016-2020 оны Засгийн газрын үед ч үргэлжлэх бололтой. МАН-ын эрх баригчид ирэх дөрвөн жилд өмнөх парламентуудаас ч илүү олон хууль, тогтоомж хэлэлцэхээр зэхээд байна. Өмнөх УИХ-аар шинэчилснийг нь дахин шинэчлэх, нэрийг нь өөрчилж шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулсанд ахин нэмэлт, өөрчлөлт оруулах хууль нэлээдгүй байна. Хуулийг шинэчлэх, өөрчлөх үндэслэл гэдгийн доор “эрх зүйн орчинг боловсронгуй болгох” гэсэн бүрхэг тодорхойлолт бичжээ.  Шинэчлэхээр төлөвлөсөн зарим хуулийн жагсаалтыг харахад хэдхэн жилийн дотор яасан ч олон удаа “боловсронгуй болдог” эрх зүйн орчин бэ гэж бодогдмоор. Энгийн үгээр бол хууль, тогтоомж нь намын өмч ч юм шиг. Нөгөө талаас эрх баригчид хуулиа шинэчилсээр, өөрчилсөөр байгаад өөрсдөө толгой нь эргэчихээгүй байгаа гэсэн сэжиг төрнө.
 
УИХ энэ долоо хоногийн чуулганаараа “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол гээчийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн хавсралтад нийт 260 хууль, УИХ-ын 16 тогтоол байна. Үүнээс 239 нь Засгийн газраас санаачлан өргөн барих (УИХ биш, Засгийн газар шүү) хууль аж. Харин УИХ-ын гишүүдэд 17, Ерөнхийлөгчөд 4 хууль ногдож байна.
 
 
260 хуулийн 75 нь шинэ хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл юм. Шинэчилсэн найруулгын нэлээдгүй хэсэг нь өмнөх парламентаар баталсан хуулийн шинэчилсэн найруулгыг дахин шинэчлэхээр байна. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 80 орчим хувь нь мөн л хуучин засгийн шийдвэрт засвар хийсэн, эсвэл бусад өргөн баригдах хууль тогтоомжтой холбоотой нэмэлт, өөрчлөлт орох хуулиуд байна. Товчоор хэлбэл энд жагсаасан хууль, тогтоомжуудын 70 орчим хувь нь хуучныг шинэчлэх, өөрчлөх зорилготой ажээ.
 
260 хуулиас  2016 онд 31, 2017 онд 131, 2018 онд 71, 2019 онд 24, 2020 онд 3 хуулийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Дээрх жагсаалтаас харахад хууль зүй, уур уурхайн салбарт ирэх дөрвөн жилд эрх зүйн том донсолгоо болохоор байна.  МАН-ынхан Ардчилсан нам, тэр дотроо Х.Тэмүүжингийн санаачлан батлуулсан бараг бүх хуулийг шинэчлэн найруулахаар шийдсэн бололтой. Тухайлбал долоохон сарын өмнө батлагдаж, тэр үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар сэтгүүлчдийг цуглуулж байгаад хууль эрх зүйн салбарт Үндсэн хуулийн дараа орохуйц том шинэчлэл боллоо хэмээн сайрхан тодорхойлж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дахин шинэчлэхээр болжээ. Мөн хэрүүлийн алим болсон Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэх хуулийн жагсаалтад орсон байна. Үүнээс гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн дүр төрх өөрчлөгдөх бололтой.  
 
Хуулийг шинэчилнэ гэдэг тухайн хууль цаг үеийн шаардлага хангахаа байсан, эсвэл том дутагдал байна гэсэн үг. Гэвч батлагдаад ганц, хоёр жил болж буй хуулийг яагаад яаран шинэчлэх болсон нь үнэхээр ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл тухайн хуулийг бараг ойлгож амжаагүй байтал шинэчлэхээр болж буй хэрэг юм. Жишээ нь жилийн өмнө баталсан Нийслэл хотын албан татварын тухай хуулийг МАН өөрийнхөөрөө шинэчлэхээр болжээ. Зөрчлийн тухай хуулийн хувьд шинэ хууль батлагдах болгонд бага хэмжээний нэмэлт, өөрчлөлт хийгдэж байх ёстой хууль. Гэтэл шинэ засаг энэ хуулийг бас л шинэчлэхээр шийдсэн байна. Хэрэв 2020 онд АН ялвал эцэс, төгсгөлгүй энэ дампуурал үргэлжлэхгүй гэсэн баталгаа байхгүй.
 
Харин одоо нэмэлт, өөрчлөлтийи тухай яръя. Батлагдаад удаагүй байгаа хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Хууль тогтоох үйл явцыг бүрэн хариуцлагажууллаа гэж үнэлж байсан энэ хуулийн бас юу нь болохгүй байгааг бүү мэд. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хүнсний болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ид хэлэлцэж байна.
 
Уул уурхайн салбарт Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай гэсэн томоохон хуулиудад өөрчлөлт орно.
 
Татвар, санхүүгийн чиглэлээр Зээлийн батлан даалтын сан, Төсвийн тогтвортой байдал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орно. Авлигын эсрэг хууль болон нөгөө л Тамхины хяналтын тухай хууль зэрэгт өөрчлөлт орно. Үндэслэл нь давхардлыг арилгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
 
Энэ бүхнээс харахад “эрх зүйн орчинг боловсронгуй болгох” гэдэг нь агуулга нь нэгэнт тогтсон, хэн бүхэнд ойлгомжтой бус, харин улс төрийн намаас нь хамаарч тайлбарлах өнцөг нь өөрчлөгддөг ойлголт  ажээ.

Г.Даваадорж  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД