Бизнес

Хөрөнгө оруулагч үндэстэн нэг нас хүрлээ 2017-01-09 20:50

 
Яг нэг жилийн өмнө, энэ өдөр бид нэгдэн нийлж, өөрийн гэсэн банктай болохоор зориг шулуудан Хөрөнгө Оруулагч Үндэстэн хувьцаат компанийг үүсгэн байгуулсан билээ.
 
Бид өөрийн гэсэн банктай болсноор өөрийн банкны картаар худалдан авалт хийдэг, өөрийн банкиндаа мөнгөө хадгалуулдаг, өөрийн банкнаасаа зээлээ авдаг болоод зогсохгүй ашгаа өөрсдөө хүртдэг болох сайхан зорилгыг дэвшүүлсэн.
 
Нэг жилийн дотор бид харин юу хийж амжуулав аа? Нийгэм, эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулсан бид амжилт бүтээл дүүрэн ажилласан нь та бүхний итгэл, найдварыг манай баг зүтгэлээр хариулсны баталгаа юм. Бид 800-уулаа боллоо. Бидний цуглуулсан мөнгө 1.8 тэрбумд хүрч, түүгээрээ бид Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Монгол Шуудангийн хувьцааг худалдаж авлаа. Ингэснээр манай үнэлгээ 70 орчим хувиар өсч, хувьцааны үнэлгээ 1,696 төгрөг болов. Манай анхдагчдын оруулсан нэг сая төгрөгийг бид 1,696,000 төгрөг болгож чадсан.
 
Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэнд Монголын 1,000 хүн тутмын нэг нь хувьцаа эзэмшдэг болсон сайхан амжилтаар бид 2016 оныг үдсэн юм. Удахгүй 100 хүний нэг нь, 10 хүний нэг нь, тэгээд Монголчууд бүгдээрээ бидэнтэй нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үйл явцад таны оролцоо туйлын чухал гэдгийг энд дахин сануулъя.
 
Хөрөнгө Оруулагч Үндэстэн удахгүй хувьцаагаа Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргаснаар таны хөрөнгө оруулалтын хөрвөх чадвар нэмэгдэх юм. Ингэснээр бид эгнээгээ тэлэх сайхан боломж мөн нээгдэнэ. 2017 ондоо багтаж бид Ард Санхүүгийн Нэгдэлтэй нэгдэн нийлэх үйл ажиллагааг явуулахаар зэхэж байна.
 
2016 онд Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудангийн 31 хувийг 7.2 тэрбум төгрөгөөр авч, Ард Кредитэд нэг тэрбум, Ард Секюритизд 1.5 тэрбум, Ард Менежментэд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинээр хийлээ. Мөн Ард Даатгалын 30 хувийг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авлаа. Гэрээний үндсэн дээр хувийн тэтгэврийн дансны үйлчилгээг гишүүддээ санал болгоход бид бэлэн боллоо.
 
Хөрөнгө Оруулагч Үндэстэн Ард Санхүүгийн Нэгдэлийн 6.2 хувийг эзэмшиж эхэлсэн бөгөөд манай гишүүд Ард Санхүүгийн Нэгдэлийн охин компаниудаар хөнгөлөлттэй үйлчлүүлж эхэллээ. Тухайлбал, Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигч та Ард Даатгал компаниас дөрвөн төрлийн даатгалын үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломжтой юм.
 
Бид ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр товлолоо. Бид дэлхийн шилдэг технологи дээр суурилсан Ард түмний хөрөнгө оруулалттай арилжааны АрдБанкийг үүсгэн байгуулах зорилгодоо ойртсоор байна. АрдКартыг бид 2016 оны сүүлээр гаргасан бол 2017 онд мортгэйжийн зээл, лизинг зэрэг бүтээгдэхүүнийг та бүхэндээ санал болгох гэж байна.
 
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь хамгийн нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулдаг, олон хүний итгэл дээр тулгуурласан, хувьцаа эзэмшигч бүр бодитоор хөрөнгө оруулсан компани учраас Монголын санхүүгийн салбарын ирээдүйг тодорхойлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй ажилладаг. Биднийг дэмжиж ирсэн эрхэм хөрөнгө оруулагч танд гялайлаа!
 
Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч та бүхэндээ Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөн үүссэн нэг жилийн ойн мэндийг дэвшүүлье!
 
 
Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хаалттай хувьцаат компани

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД