Үнэ ханш

Тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна 2017-01-17 16:34

Төсвийн байнгын хорооны хуралдаан /2017.01.17/ болж Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь холбогдох Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан. Гэсэн хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч, ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн сайд онцоллоо.

Тийм учраас энэхүү хуулийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгажээ.

Ингэсэн тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хийдэл арилна хэмээн үзжээ. Түүнчлэн тус сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй, ил тод болно гэж хууль санаачлагчид хэллээ.

Хуулийн төслийн талаар асуулт тавих гишүүн байсангүй, харин УИХ-ын гишүүн зарим гишүүд саналаа хэлж “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохдоо үйлдвэрлэл эрхлэх чин хүсэлтэй иргэдийг хамруулах, зээлийн үр дүнд хяналт тавих, тодорхой шалгуурыг нарийвчлан журамлах, найз нөхөд, танилын хүрээнд олгогддог байсан буруу жишгийг хаах, орон нутгийн холбогдох хүмүүстэй нягт харилцан ажиллах шаардлагатай” байгааг онцгойлон анхааруулж байв.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураахад оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. 

А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД