Даатгал

Япон улс Монголд тусална 2017-01-20 11:45

Япон улс Монгол улсын халамжийн системийг сайжруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа бөгөөд нийгмийн халамжийн салбарын туршлагаа Монгол улстай хуваалцах юм.
2016 оны намар Токио хотод Японы эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй зохион байгуулагдсан семинарт Монголын төв болоод хөдөө орон нутгийн нийгмийн халамжийн мэргэжилтнүүд ирж оролцжээ. Энэ үеэр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны болон нийгмийн халамжийн мэргэжилтнүүд Монголын хөдөө орон нутгийн нийгмийн халамжийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан юм.
Монгол улсын Засгийн газрын санаачилгаар 2019 он хүртэл хэрэгжих энэхүү “Японы төсөл”-ийн мэргэжилтэн, Японы эрүүл мэндийн яамны ажилтан Маморү Ямашита “Эдийн засгийн өсөлтийг дагаад баян, хоосны ялгаа нэмэгдэж байгаа улсууд нийгмийн халамжийн бодлогоо сайжруулан хөгжүүлэх ёстой” гэж онцолж байна.
Уг төслийг Монголын Засгийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй. Мөн “Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс санхүүжиж байгаа бөгөөд тус нийгэмлэг нь малчин ардын амьжиргааны түвшинг сайжруулахад онцгой анхаарч байгаа юм. Монголын малчид эрт тэтгэвэрт гардаг бөгөөд тэтгэврийнх нь хэмжээ ч бага байдаг. Монголын нийгмийн халамжийн систем нь ямар нэг байгууллагад ажиллаж буй ажилтан хамрагдах журамтай. Харин малчид, хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшгаас улбаалан мал олноор хорогдсоноос болж малчид суурин амьдралд шилжих нь нэмэгдсэн.
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харвал Монгол улсын гурван сая иргэний ердөө 270 мянга нь уламжлалт мал аж ахуй эрхлэн, нүүдэллэн амьдарч байна. Эдгээр иргэдийн 20 хувь нь л тэтгэвэр тогтоолгосон ажээ.
Япон улсад зохион байгуулагдсан семинарт оролцогчид “Байгалийн гамшигт мал хорогдсоноор малчдын амьдрал хүнд байдалд ордог. Малчдын хөдөлмөр хөдөлмөрийн хүнд хэлбэрт багтдаг. Ялангуяа, өндөр настнуудын хувьд. Иймээс нийгмийн халамжийн тогтолцоо тэдний амьдралд чухал үүрэгтэй” хэмээн дурдсан юм.
Малчдад тэтгэвэр олгоход хэд хэдэн хүндрэл үүсээд байгаа. Тухайлбал, нүүдэллэн амьдардаг малчдаас татвар хураахад бэрх. Тэднээс авах татварын хэмжээ ч бага байдаг зэрэг болно. Иймээс Монгол Улсын Засгийн газар иргэн бүрийг хамруулах нийгмийн халамжийн шинэ тогтолцоог эрэлхийлж эхлээд байгаа юм.
“Японы нийгмийн халамжийн салбарын туршлагыг судлах нь Монгол Улсын хувьд ач холбогдолтой” хэмээн Монголын нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Батжаргал Япон улсад болсон семинарын үеэр хэлсэн.
Японы нийгмийн халамжийн салбарт ч цөөнгүй хүндрэл тохиолдоод байгаа юм. Тэтгэврийн бодлого учир дутагдалтай, насжилтаас үүдэлтэй ажиллах хүчний дутагдалд орж улмаар татвар төлөлт буурсан, төрөлт багассан зэрэг хүндрэл Японы нийгмийн асуудал болоод байна.
Б.Батжаргал “Нийгмийн халамжийн төгс систем гэж байхгүй. Харин Япон улс тулгамдаад байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэхийг харах нь бидний хувьд том сургамж болно” гэв.
Семинарын үеэр Японы нийгмийн халамжийн үйлчилгээний мэргэжилтэн Акихиро Таканаши монголчуудад хандан “Биднээс суралцсан зүйлсээ хэрхэн өөрийн хөрсөнд буулгах талаар нухацтай бодоосой гэж хүсч байна” гэв.
 
Эх сурвалж: The Japan Times

Орчуулсан: М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД