Мөнгөний бодлого

Мөнгөний нийлүүлэлт хоёр их наяд төгрөгөөр өсжээ 2017-01-20 13:07

Монголбанк өнөөдөр оны анхны хэвлэлийн бага хурлаа хийж сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултад хариуллаа.
 
Хэвлэлийн хурлын эхэнд өнгөрөгч оны сүүлээр гаргасан тоон мэдээллийг танилцуулав. 2016 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсад инфляци улсын хэмжээнд 1,1 хувь, нийслэлийн хэмжээнд 0,5 хувь байна. Нийслэлийн хэмжээнд ийм үзүүлэлттэй гарахад махны үнэ болон хүнсний ногооны үнэ өссөн нь голлож нөлөөлсөн гэж Монголбанк мэдээллээ. Хүүгийн үзүүлэлтийн хувьд төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү /ЖДХ/ 19,7 хувь, хадгаламжийн ЖДХ 13,1 хувь, бодлогын хүү 14 хувь, банк хоорондын зээлийн хүү 15,5 хувьтай байна.
 
Монголбанкны мэдээлснээр Төвбанкны үнэт цаасны үлдэгдэл 578 тэрбум, валютын дуудлага худалдааны хэмжээ 189 сая ам.доллар болжээ. Харин мөнгөний нийлүүлэлт 12,075 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр их наяд төгрөгөөр өсжээ.
 
Монголбанкны мөнгөний тоймд бичсэнээр өнгөрөгч оны эцсийн байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцэл 1,559 тэрбум төгрөгийн ашигтай гарч, нийт экспорт 4,9 сая ам.доллар, импорт 3,357 сая ам.доллартой тэнцэж байна. Экспортын 79 хувийг БНХАУ, ОХУ1,1 хувийг эзэлж байна.
 
Тоон мэдээллийн дараа Монголбанкны газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулав. 2017 оны мөнгөний бодлогын талаар Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд ярихдаа “Мөнгөний бодлогыг тухай үеийн дотоод, гадаадын эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхойлдог. Тиймээс бид валютын зах зээл цаашид ямар байхыг урьдчилж хэлэх боломжгүй. Ойрын үеийн эдийн засгийн төлөв байдлаас харвал манай эдийн засгийн өсөлтийн хэмжээ буурсан, инфляци харьцангуй бага түвшинд байгаа тул бид эдийн засгийг дэмжих чиглэлд мөнгөний бодлогоо хэрэгжүүлнэ” гэлээ.
 
Монголбанкны үзэж буйгаар ам.долларын ханш он гарсаар тогтвортой байгаа бөгөөд энэ нь валютын цэвэр урсгалын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой аж. Одоогоор 28 сая ам.долларын цэвэр урсгал бий болсноор валютын зах зээлд учрах дарамт буурсан байна.
 
Өнгөрсөн онд болсон валютын ханшийн хөөсрөл нь валютын наймаачдын үйлдэлтэй холбоотой байсан. Тиймээс энэ оноос эхлэн Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд дотоод зах зээлийн дэд бүтэц буюу валютын зах зээлийн платформ бий болгохоор Ажлын хэсэг гарган судалгаа хийж байгаа аж. Үүнд 1-2 жил зарцуулна.
2017 оноос Монголбанкны гар бие оролцох нэгэн ажил нь “Алт-2” хөтөлбөр. Уг хөтөлбөр таван чиглэлд 2017-2018 болон 2018-2020 гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ. Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 28 тн, 2017 онд үүнээс илүү алт тушаагдах төлөвтэй байна.
 
Харин Хятадын Засгийн газартай хийсэн своп хэлэлцээг сунгах, ОУВС-гаас авах зээлийн хэлэлцээр үргэлжилж байгаа, нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэж Монголбанкнаас мэдээллээ.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД