Эрүүл мэнд

УИХ-ын гишүүд элэг шилжүүлэн суулгах багийн ажилтай танилцлаа 2017-01-20 16:56

“Хэдэн жилийн өмнө гуравхан настай хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй болсон юм. Нэг хүүхдийн ээж нь донор больё гэсэн ч  мөнгөгүйн улмаас мэс засал хийлгэж чадаагүй. Энэ жил биднийг эргэж очиход долоо нас хүрсэн тэр хүүхэд Эх нялхсын эмнэлэгт цус алдан хэвтэж байгааг харахад сэтгэл эмзэглэмээр байлаа” гэж Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн элэг шилжүүлэн суулгах /ЭШС/ багийн ахлагч О.Сэргэлэн эмч хоолой зангируулан ярив.
 
Нэг талаас зургаан жилийн өмнөөс Монголын эмч нар элэг шилжүүлэн суулгадаг болсон нь сайшаалтай ч, нөгөө талаас маш өндөр өртөгтэй энэ мэс заслыг цаашид амжилттай хийхийн тулд яаралтай шийдэх олон асуудал хуримтлагдаад байна.
УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх төв, элэг шилжүүлэн суулгах, мөн ясны чөмөг, үүдэл шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаатай  танилцсан юм.
 
Монголд тулгамдаад буй элэгний асуудлын цар хүрээг дараах хэдхэн тоо харуулна. Монгол Улс элэгний өвчлөлөөр  дэлхийд нэгдүгээрт ордог. Хүн амын дунд хавдрын нас баралтын 44 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг. Жилд дунджаар 2000 хүн элэгний хорт хавдраар өвчилдөг буюу элгээ солих хэрэгтэй болдог. Гэвч улсын хэмжээнд элэг шилжүүлэн суулгах нэг төвтэй, албан ёсны орон тоогоор ажилладаг ганцхан эмч, дөрөвхөн сувилагчтай. Ажилладаг хуваарь нь долоо хоногийн долоон өдөр. Ажилдаа ирдэг цаг нь өглөөний долоо, тардаг нь шөнө дунд, авдаг цалин нь хаанаа ч хүрдэггүй. Жилд хэдэн зуун хүн мөнгөгүйн улмаас, мөнгөтэй ч доноргүй учраас яаж ч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Гарын арван хуруунд багтахаар хэдхэн эмч, сувилагчдад тэр олон хүний амийг аврах хүсэл байвч мөнгө, цаг хугацаа, хүн хүч, тоног төхөөрөмж, хамгийн гол нь дэмжлэг байхгүй.
 
“Элэг бүтэн амьдрал жаргалтай” гэж монголчууд маань ярьдаг. Зургаан жилийн дотор 30 орчим хүнд элэг шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэсэн ЭШС багийн эмч нарын ажлын тайланг сонсоод бахархаж байлаа.
 
ЭШС багийн эмч нар долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр хурал хийж хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг ярилцдаг. Уг нь хяналтын эмч нарын тусгай баг ажиллах учиртай. Гэтэл тэд ажлын бус цагаар өвчтөнүүдээ хянадаг. Ялангуяа хагалгааны дараах эхний нэг сар нойргүй хонодог. Өвчтөнөө хянаад шинжилгээнд нь жаахан өөрчлөлт ороход дөрвөн цагийн дотор шалтгааныг нь олж засах ёстой байдаг учраас бүгд мэйлээр шинжилгээний дүнг хүлээж авна. Шинжилгээнд өөрчлөлт гарвал баг шөнө дунд ч байсан цуглах цэргийн зохион байгуулалттай. Утсаа хаах, хагалгааны дараах нэг сард багийн гишүүд хаашаа ч явах эрхгүй. Хагалгаа хийлгэсний дараа эхний гурван сард долоо хоног бүр хянана. Түүнчлэн хагалгаа хийлгэсэн 30 хүнээс гадна гадаадад элэг шилжүүлэн суулгасан 300 гаруй хүний эрүүл мэндийг хянах шаардлага гарч байна. Нэг үгээр хэлбэл тусгай хяналтын бүтэцтэй болгохгүй бол тус багийн хэдхэн хүн энэ янзаараа удахгүй сөхөрч унах нь.
 
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж эрхтэн шилжүүлэн суулгахад, тэр тусмаа элэг шилжүүлэн суулгахад тулгамдаад буй асуудлыг ярьж УИХ-ын гишүүд анхааралтай сонсов. Эдгээр асуудлын ихэнх нь мөнгөтэй холбоотой. 2009 онд тус багийн эмч нарыг сургах зардалд 25 мянган ам.долларыг төрөөс гаргана гэж байсан ч бүтээгүй. Харин БНСУ-ын АСАН төвийн сайхан сэтгэлт Ли доктор өөрийн сангаас мөнгө гаргаж Монголоос анхны 12 хүнийг сургаснаар Монголын Засгийн газраас илүү гавьяа байгуулсан юм. Ийнхүү зургаан жилийн турш БНСУ-ын АСАН сан Монголын эмч нарын багийг бүхэлд нь санхүүжүүлж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд сургасан. Гэвч энэ жил гэрээний хугацаа дуусч, эмч нар өөрсдөө зардлаа гаргах хэрэгтэй болжээ. Шинэчлэлийн Засгийн газрын өгсөн 1.6 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч, 2015 оноос гадны эмч нарын туслалцаагүй бие даасан хагалгаа хийдэг болжээ. Харамсалтай нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны технологи, тоног төхөөрөмж үе үе шинэчлэгддэг учраас байнга суралцаж байх шаардлага гардаг. Нэг үгээр “мөнгө мөнгө, дахин мөнгө” гэсэн шаардлага тавигддаг нь энэ мэргэжлийн онцлог. Гадаадын улс орнууд ард иргэдийнхээ алтан амийг аврахын тулд мөнгө хайрладаггүй. Манай хоёр хөршид л гэхэд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах зардлыг төр нь даадаг аж.
 
ЭШС багийн эмч нар хэд хэдэн зүйлийг анхааралдаа авахыг УИХ-ын гишүүдээс хүсэв. Тухайлбал багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, туршилтын мэс заслын лаборатори байгуулах, эрхтэн шилжүүлэн суулгахад ашигладаг багаж, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, мэс заслын болон мэс заслын өмнөх, дараах эмчилгээ, хяналтын бодит зардлыг тогтоож хэвшүүлэх, хүнд амьдралд бэлэглэж буй эмч нарыг сургах, цалин, урамшууллыг нь нэмэх, эрхтэн шилжүүлэх суулгахад төрийн санхүүжилтыг хангалттай олгох гэсэн төрийн дэмжлэг шаардсан зүйлсийг нэрлэлээ.
 
Төрийн алхам
Эмч нар багийнхаа үйл ажиллагаа, асуудлаа ярьсны дараа УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл монгол эмч нараараа бахархаж буй сэтгэл хөдлөлөө нуусангүй. Элэг шилжүүлэн суулгах чиглэлд санаа тавьдаг хэд хэдэн хүн Төрийн ордонд байдгийн нэг нь тэр юм. “Та бүхний ярьж буй зүйл бол боломжгүй зүйл огт биш, төр хүлээж авахгүй байхын аргагүй ажил юм” гэж Д.Сарангэрэл гишүүн хэлээд “Юуны өмнө та бүхэн яг юу хэрэгтэй байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлагатай төсвийн эрэмбэлсэн задаргааг өгөх хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэхийн төлөө УИХ-ын гишүүд явна. УИХ-д элэгний асуудлыг дэмжих бүлэг байгуулагдсан” гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ багийн ажлыг бүх талаар дэмжинэ гэдгээ амлалаа.
 
Эрхтэн шилжүүлэн суулгахад тулгамддаг өөр нэг асуудал нь донор. Монголд донорын олдоц маш ховор. Эрх зүйн зохицуулалт сул. Нас барж буй ойр дотны хүнийхээ эрхтнийг бусдад өгнө гэдэг монголчуудын сэтгэлгээнд хэвшиж амжаагүй соёл юм. УИХ 2017 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөгөөндөө тусгажээ. Хуулийг шинэчилж баталвал дээр дурьдсан бүх асуудлыг хуульчлан шийдэх боломж бүрдэх юм. Сүүлийн гурван жилд л гэхэд 300 гаруй хүн гадаадад элэг, бөөр шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардал 50-250 мянган ам.доллар болж байна. Энэ нь эмчлүүлэгч болон түүний ар гэрт санхүүгийн асар их дарамт болдог учраас ард иргэдэд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм.  
 
Түүнчлэн сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол ихэсч байгаа нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэрэгцээг бий болгов. Тодруулбал хүйн цус, цусны үүдэл эсийн банк байгуулах шаардлага тулгарч байгаа юм.
 
 
УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Н.Амарзаяа, М.Билэгт болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй танилцаж байгаа нь ...
 
Баримтаар өгүүлвэл ...
УИХ-ын гишүүдэд танилцуулсан илтгэлээс зарим нэгэн сонирхолтой баримтыг хүргэе.
Манай улсад одоогоор бөөр шилжүүлэн суулгасан 136 (бүрэн нутагшсан), элэг шилжүүлэн суулгасан 32, чөмөг шилжүүлэн суулгасан дөрвөн тохиолдол байна. Мөн нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. 2017 онд ЭШС багийн эмч нар 10-12 хүнд элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байна.
 
Одоогоор гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан 25  хүний эрүүл мэндийн хэвийн байдлыг хангахын тулд нийт 169 140 000 төгрөгний эмийн төсөв хэрэгтэй байгаа талаар УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж ярилаа.
 

Г.Даваадорж  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД