Боловсрол

Д.Рэгдэл: ДНБ-ий 0.2 хувийг шинжлэх ухаанд зарцуулж байгаа нь маш бага 2017-01-24 10:18

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа

-Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийн төвшин олон улстай харьцуулахад өнөөдөр хаана явна вэ?

-Өнөөдөр төрийн өмчийн эрдэм шинжилгээний  25  хүрээлэнд орон тооны 1600 орчим эрдэмтэн, судлаач ажиллаж байна. Монголын эрдэмтдийн суурь судалгааны бүтээлийн тоо, чанарын үзүүлэлтээр тивдээ 19 дүгээрт орж байна. Энэ бол их өндөр үзүүлэлт. Товчхондоо онолын суурь судалгаагаар бид дэлхийд гологдохооргүй болсон байна. Гэхдээ нөгөө талд үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргах талдаа хоцроод байна. Энэ нь манайд үйлдвэрлэлийн баз байхгүйтэй холбоотой.

1990 оноос өмнө ҮНБ-ий нэг хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг байлаа. Энэ бол их өндөр хувь. Тэр үед орчин үеийн технологитой үйлдвэрүүдэд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх зардал гэж төсвөөс олгодог байсан юм. Энэ зардлаар монгол эрдэмтдийнхээ хийж бүтээснийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлдэг тогтолцоо бий болж Монголын анхны хүнсний үйлдвэрүүд бүгд монгол эрдэмтдийн технологиор ажиллаж эхэлсэн түүхтэй.

Одоо шинжлэх ухааны салбарт ДНБ-ий 0.2 хувийг зарцуулж байна. Энэ бол маш бага тоо. Тэр дундаа манай улсын ДНБ өөрөө бага. Төсвөөс шинжлэх ухааны байгууллагад олгож байгаа зардал ойролцоогоор 12 сая ам.доллар байна. Гэтэл Хятад улсын шинжлэх ухааны салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт 400 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох зардлаар бодоход л манайхаас хэдэн зуу дахин илүү. Тиймээс энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэдэг асуудлыг бид холбогдох газарт нь байнга л хандаж, тавьж байгаа. Энэ тоог 1-1.5 хувь болгоход манай эрдэмтэд үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи олноор нэвтрүүлэх чадавхитай. Харамсалтай нь өнөөдөр шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарыг хооронд нь уялдуулах ажлыг сайн хийхгүй байна.

Ер нь шинжлэх ухаан судалдаг улсуудын гаргасан дүгнэлтээс харахад энэ салбарт гаргаж байгаа зардал нь ДНБ-ий нэг хувиас давж гарвал улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг гэж үздэг. Үүнээс доош бол нийгмийн нэг соёлын үзэгдлийн хэмжээнд, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг төр, засаг ойлгосон учраас ийм зорилт тавьж байгаа гэж бодож байна.

Ази тивийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зардал ойролцоогоор тивийн ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байна. Тэгэхээр бид тэр чиглэл рүү явж байж л тэдгээр улстай ойролцоо хурдаар хөгжих нь маргаангүй.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо шинжлэх ухааны зардлыг тав дахин нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөртэй оролцсон. Үүнийг эрдэмтэн, судлаач нар маш таатай хүлээж авсан. Тэгэхээр бидний хувьд 2017-2018 онд боломжгүй юм гэхэд 2019-2020 онд энэ зардал тав дахин нэмэгдэж ДНБ-ий нэг хувьд дөхнө гэж харж байгаа.

-Монголын шинжлэх ухааны хөгжилд Зөвлөлтийн шинжлэх ухааны нөлөө их байсан. Энэ талаар яривал?

-Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж байна. Үүний эхний 10 орчим жилд өөрсдийн бэлтгэгдсэн судлаач байгаагүй учраас цэвэр орос эрдэмтэд ирж ажиллаж байлаа. Бичиг үсгийн чадвартай тодорхой хүмүүсийг авч ном судар цуглуулах, монгол орны газар зүйн байршлыг зураглах, ургамал амьтдын аймгийг тэмдэглэх ажил хийж байсан. Энэ хамтын ажиллагааны хүчинд 1950-аад он болоход Монгол Улс эрдмийн зэрэг хамгаалсан өөрийн судлаачидтай болж, чухал хэрэгтэй салбаруудын лабораториуд байгуулагдсан. Үндсэндээ орчин үеийн шинжлэх ухаан бий болох үйл явц 30 жил үргэлжилж дандаа ЗХУ-ын эрдэмтэд удирдан ажиллаж байсан. Ингээд 1961 он гэхэд эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэн байгуулах хэмжээний судлаачидтай болсон. Тэр судлаачид нь мөн л ЗХУ-д сурч, дадлагажсан.

Тэр үед социализм байгуулалт эрчтэй өрнөж байсан учраас улсын хөгжилд шинжлэх ухааны хувь нэмэр их гэж үзээд Шинжлэх ухааны академийг таван хүрээлэнтэйгээр байгуулж, өөрсдөө удирдаж зохион байгуулах чадамжтай болсон. Энэ цагаас хойш шинжлэх ухааны хөгжил нэлээд хурдассан. Хүрээлэнгүүд байгуулагдсанаар Зөвлөлтийн шинжлэх ухааны дэмжлэг туслалцаа илүү нэмэгдсэн. Судалгааны гол гол чиглэлд эрдэмтдийн тэнцүү солилцооны шугам бий болсон байсан. Хоёр орон эрдэмтдээ солилцож зардал санхүүг нь дааж ажиллуулдаг. Ингээд 1990-ээд он гэхэд судлаачдын чадавхиар Ази тивдээ нэлээд дээгүүрт орох болсон юм. Тэгэхээр дэлхийн шинжлэх ухааны газрын зурагт Монгол Улс тэмдэглэгдэж байгаа нь Оросын шинжлэх ухааны ач гэж би хэлнэ.

Сүүлийн үед ОХУ, Монгол Улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа жаахан сулраад байгаа. Энэ нь биднээс хамаараад байгаа хэрэг биш. Оросын шинжлэх ухааны салбар дотооддоо маш том бүтцийн өөрчлөлт хийсэн. Үүнээс болоод ажил нь жигдэрч өгөхгүй хоёр жил гаруй яваад байна. Ер нь бид шинжлэх ухааны салбарт үр дүнтэй ажиллая гэвэл ОХУ, БНХАУ-тай ойр байх ёстой. Манай гурван улс газар зүй, уул ус, ургамал амьтны хувьд нэг л экосистемд байдаг. Тийм учраас хамтраад хийх ажил маш их. Тэдний хөрөнгө мөнгийг ашиглаад бид ч олон ажлаа хийгээд авах боломжтой. ОХУ-ын шинжлэх ухааны салбарын ажил жигдрээд ирэхээр энэ боломж олдох нь ойлгомжтой.

-Өнөөдөр ШУА-ийн гадаад хамтын ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ?

-Манай улсын шинжлэх ухааны потенциаль бага юм. Ийм бага потенциальтай орнууд гадаад  харилцаагаар дамжуулж шинжлэх ухаанаа хөгжүүлдэг дэлхийн жишигтэй. Бид олон улсын болон гадаадын шинжлэх ухааны 100 байгууллагатай гэрээтэй ажиллаж байна. БНХАУ-ын хоёр том шинжлэх ухааны академи, Вьетнамын шинжлэх ухаан, технологийн академи, Японы шинжлэх ухааны зөвлөл, АНУ-ын Байгалийн түүхийн музей гэх мэтчилэн 20 гаруй улстай хамтарч ажиллаж байна. Манай эрдэм шинжилгээний ажилтны тоотой харьцуулахад олон газартай харилцаж байгаа.

Үүнээс орж ирж байгаа бэлэн бус орлогыг тооцож үзэхэд сүүлийн гурван жилд жилийн 2.7 тэрбум орчим төгрөгийн менежментийн санхүүжилт гаднаас авсан байна. Тухайлбал, хамтарсан экпедицийн зардал гэх мэт. Яг бэлэн мөнгө орж ирдэг нь гэвэл гадаадад ажиллуулдаг манай палеонтологийн үзэсгэлэн. ШУА-ийн бүх хүрээлэн нийлээд жилд 1.5 тэрбум төгрөгийн шинжлэх ухааны зардлыг шинжлэх ухааны технологийн сангаас авдаг гээд бодохоор бага биш.

-Монголын шинжлэх ухааны салбарт хувийн хэвшлээс санхүүжилт хэр их хийдэг вэ. Америк зэрэг олон улсад шинжлэх ухааныг бизнестэй хослуулснаар эдийн засгаа хүчирхэгжүүлсэн байдаг?

-Өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухаанд гаргаж байга зардлын 60-70 хувь нь хувийн хэвшлээс гардаг. Манайд бол хараахан тийм биш. Энэ салбарт хувийн хэвшлээс мэдэгдэхүйц хэмжээний мөнгө орж ирдэг болтлоо нэлээд хугацаа шаарддаг шиг байгаа юм. Гэхдээ тодорхой мөнгө зардаг эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд бий болж эхэлж байна.  Тухайлбал, Моносын “Эм судлалын хүрээлэн” байна. Би яг зардлыг нь мэдэхгүй ч Монос компани энэ хүрээлэндээ жилд 700 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж байгаа. Энэ бол том хөрөнгө оруулалт. Мөн “Монхимо” компани байна. Тус компанийн эрдэм шинжилгээний төв судалгаа боловсруулалтын ажилд нэлээд мөнгө зараад байгаа. Жишээлбэл, ясны калци, гар ариутгагч гелийг өөрсдийн хөрөнгө оруулалт, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнгээр бий болсон үйлдвэрлэл юм.

Гэхдээ эдгээрийн нийт зардал нь төсөвтэй харьцуулахад маш бага. Тийм учраас бид шинжлэх ухааны салбарын төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг олшруулахад ихээхэн анхаарах ёстой.

Гадаадын хөгжилтэй орнууд төсвийн санхүүжилтийг гол төлөв суурь судалгаанд зарцуулдаг. Харин бизнесийн салбарынхан нь шууд бүтээгдэхүүн, технологи боловсруулахад зарцуулдаг. Энэ нь эргээд эдийн засгийнхаа хөгжилд маш том хувь нэмэр үзүүлдэг. Өнөөдөр дэлхийд жилд 6-7 тэрбум ам.долларыг зөвхөн судалгаа шинжилгээнд зарцуудаг компаниуд маш олон бий. Үүнээс үзэхэд хувийн компани судалгааны ажилд хөрөнгө оруулаад ирвэл судалгааны ажил бодитой бүтээгдэхүүн болдог нь дэлхийд тогтсон жишиг. 

 

Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД