Хүний хөгжил

Н.Номтойбаяр сайд сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийв 2017-01-24 15:01

Өчигдөр /2017.01.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр яаман дээрээ сэтгүүлчид, жиргээчидтэй нээлттэй уулзалт хийж тус яамны хийсэн ажил, хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй ярьж, асуултад хариуллаа. Тэрээр нийгмийн хамгаалал, халамж, хөдөлмөр эрхлэлт гэсэн үндсэн гурван сэдвийг хөндөж ярилаа.
 
Ядуурал удамшиж байна
Өнөөдөр Монгол Улсад 800 орчим мянган хүн 69 төрлийн халамж авдаг байна. 2017 оны төсөвт хүүхдийн мөнгийг тооцохгүйгээр нийт 260 тэрбум төгрөгийг халамжид зориулахаар болжээ.
 
ХНХ-ын сайд нийгэмд халамж хавтгайрсан гэдгийг хэлээд салбарын яам халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн бодлого түлхүү барина гэлээ. Нийгэмд урхагшаад байгаа нэг том дутагдал бол олон хүн бие даан хөдөлмөр эрхлэх боломжтой хэрнээ халамж авах сонирхолтой, халамж авдагтаа огт ичдэггүй, зарим тохиолдолд халамж авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр заль мэх хэрэглэдэг. “Манай улсад халамжийн мөнгө авдаг ядуурлын үе дамжсан тогтолцоо буюу ядуурлын удамшлын шинж тэмдэг илэрч байна” гэж сайд онцоллоо.  Тиймээс бэлэнчлэх бус, өөрөө хөдөлмөрлөж амьдрах сэтгэлгээг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх болно гэдгийг тэрээр уулзалтын үеэр олонтаа хэлж байсан юм.
 
ХНХ-ийн яам ирэх оны гуравдугаар сарын 10-наас улсын хэмжээнд 600 мянган өрхийг хамруулан өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа хийнэ. Үүнд 3,5-4 тэрбум төгрөг зарцуулна. Ийм судалгааг гурван жилд нэг удаа хийх ёстой бөгөөд С.Эрдэнийн үед хийгдсэн судалгааны хугацаа дуусч байгаа аж. Мөн энэ зунаас эхлээд Халамжийн багц хуулийг шинэчлэх ажил эхлэх юм байна.
 
Тэтгэврийн тогтолцоо иргэдийнхээ итгэлийг даахгүй байна
Н.Номтойбаяр сайд нийгмийн даатгалын салбарт тулгараад буй сорилт, асуудлын талаар дэлгэрэнгүй ярилаа. Нийгмийн хамгааллын чиглэлээр манай улс жилд 1,9 их наяд төгрөгийн орлого олж мөн хэмжээнйи зарлага гаргадаг. Одоогоор 378 мянган иргэнд үйлчилж байна.
 
Эв хамтын зарчимд суурилсан тэтгэврийн тогтолцоо нь үр дүн муутай, хуримтлал арвижих боломжоор бага, насжилт ихэсч буйтай холбоотой ирээдүйд тэтгэврээ гүйцэд тавьж чадахгүйд хүрэх магадлал өндөр байгааг хэллээ. Тиймээс иргэд ирээдүйдээ баталгаатай мөнгө хуримтлуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд тэтгэврийн хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжих, хувийн тэтгэврийн санг дэмжих бодлого барина гэлээ. Дэлхийн олон оронд тэтгэврийн хуримтлалын уян хатан систем үйлчилдэг бөгөөд иргэн тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хуримтлалаа барьцаанд тавин орон сууц авдаг жишиг ч бий. Үүнтэй адил ирээдүйд тэтгэврийн сангийн хуримтлалыг ипотекийн зээлтэй холбох боломж байгаа гэдгийг сайд ярилаа.
ХНХ-ын сайд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний талаар ярихдаа зарчмын хувьд эрэгтэй хүн 19 хувиар, эмэгтэй хүн 24 хувиар шимтгэл төлсөн нөхцөлд ирээдүйд хангалттай хуримтлал болж чадна. Гэхдээ энэ нь удахгүй ийм шийдвэр гаргана гэсэн үг биш, яамны харьяалах газрууд боломжийг судалж байгаа гэдгийг хэллээ.
 
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө үр дүн муутай ашиглагддаг, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн авч чадахгүй байгааг өөрчилж, эрүүл мэндийн цахим карт нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ярилаа.
 
Тэрээр нэгэн сонирхолтой санаа хэллээ. ХНХ-ийн яамнаас хүн тэтгэвэрт гарсан ч ажиллаж болдог байх боломжийг судалж байгаа аж. Ингэхдээ тэтгэвэр авахын зэрэгцээ ердийнхөөс өндөр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх юм.
 
МСҮТ-ийг төлбөртэй болгох хэрэгтэй
Шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Н.Номтойбаяр сайд эн түрүүнд салбартаа хэрэгжиж буй зарим ажлыг шалгаж хэд хэдэн зөрчил илрүүлсэн билээ. Үүний нэг нь огт байдаггүй МСҮТ-ийг хуурамчаар бүртгүүлж төсвийн мөнгө иддэг зөрчил байв. Тиймээс МСҮТ-ийг үр дүнтэй ажиллуулахын тулд МСҮТ-д менежментийн хувьчлал хийж, сургалтыг төлбөртэй болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ тодорхой нөхцөлтэй байх юм. Компаниудын боловсон хүчинг захиалгаар бэлдэх маягаар компаниудтай хамтарч ажиллана. Тодруулбал, ажил олгогч өөрөө шаардлагатай мэргэжилтнээ захиалж төлбөр төлнө. Эсвэл МСҮТ-ийн оюутан сургалтын төлбөрөө зээлээр авч болно.
 
Салбарын яамнаас мснгол залуусыг дадлагажигч ажилтан хэлбэрээр Япон улсад сургахаар төлөвлөжээ. Энэ оны 10 дугаар сараас Япон руу явуулж эхлэх бөгөөд ирэх оны хоёрдугаар сард сайд Японд очиж холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Тэнд дадлагажсан залуус хоёр жилийн дараа эх орондоо ирээд сурсан мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс энд ажлын байр бэлдэх аж. Японд ажиллах хүч нийлүүлэхдээ Солонгост ажиллах хүч нийлүүлсэнтэй адил бодлогын алдаа гаргахгүй гэж Н.Номтойбаяр сайд хэллээ. Учир нь монгол иргэд Солонгост хүнд нөхцөлд ажилладаг, эрүүл мэндийн асуудал орхигддог. Солонгост ажиллаад ирсэн хүмүүсийн 65 хувь нь богино хугацаандаа, 45 хувь нь урт хугацаандаа ажилгүй байдаг.
Мөн Чех, Австрали, Герман улс руу дадлагажигч ажилтан явуулахаар төлөвлөж байна.  

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД