Эрүүл мэнд

Сайжруулсан зуух агаарын чанарт нөлөөлдөг үү? 2017-01-26 10:49

АШУҮИС-ийн судлаачид агаарын бохирдлын хор хөнөөлийг тайлбарлаж, эрүүл мэндээ хамгаалах арга зөвлөмж танилцуулсан юм. Агаарын бохирдлын хүний биед нөлөөлөх нөлөөллийг анагаах ухааны үндэслэлтэйгээр тайлбарласанд хурлын ач холбогдол оршиж байв.

Улаанбаатар хотын агаарт хүхрийн ангидрид, хүхэрлэг хий, азотын нэгдлүүд, нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл болон хар тугалга, тоосонцор зэрэг химийн нэгдэл агуулагдаж байна. Эдгээр нь хүний биед орсноор амьсгалын замын өвчлөл, уушгины өвчин, улмаар хорт хавдрын үүсгэгч болдог байна.
 
АУ-ны доктор, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал О.Чимэдсүрэн “Манай сургууль 2013-2014 онд нарийн ширхэгт тоосонцрын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд учруулах хор хохирлын талаар судалгааг АНУ-ын судлаачидтай хамтран хийсэн. Тус судалгаагаар 0-5 насны хүүхдийн уушги, амьсгалын замд ноцтой аюул учруулдаг болох нь тогтоогдсон. 2014 онд л гэхэд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөр 120 орчим хүүхэд нас барсан байна. Насанд хүрэгчдийн хувьд 1200-1300 хүний нас баралтын шалтгаан болжээ. Хэрэв агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2017-2024 оны хооронд 13000 хүн нас барах тооцоо гарсан” гэв.
 
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас зохиосон уг эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн эрдэмтдээс гадна Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцсон юм. Солонгосын судлаачид жирийн зуухыг сайжруулсан зуухтай харьцуулан судалжээ.
 
Сөүлийн үндэсний их сургуулийн судлаач, профессор, доктор Кюонг Лий “Бид жирийн зуухыг сайжруулсан зуухтай харьцуулан судалсан. Тэр дундаа зуухнаас үүдэлтэй дотоод орчны бохирдлын хэмжээг нарийвчлан судалсан. Судалгааны үр дүнг харахад сайжруулсан зуух болоод жирийн зуух хоёр ялгаагүй орчныг бохирдуулдаг нь тогтоогдсон. Харин ч сайжруулсан зуух суурилуулсан монгол гэрийн дотоод орчны бохирдол бага зэрэг өндөр гарсан. Сайжруулсан зуух нь дулаанаа удаан барьдаг байж болох ч агаарын чанарт нөлөөлдөггүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна” гэж мэдэгдэв.
 
Хуралд оролцогсод цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шат дараатай бууруулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон юм.
 
 
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД