Мөнгөний бодлого

Төгрөгийн ханш чангарна 2017-01-31 12:17

Валютын зах зээлд нэгэн таатай чиг хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Монголбанк зах зээлд нийлүүлэх ам.долларын хэмжээг 270,1 сая ам.доллароос тогтмол бууруулсаар нэгдүгээр сард 71,7 сая хүргэсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Төвбанк дуудлага худалдаагаар  зах зээлд ам.доллар нийлүүлээгүй, харин эсрэгээрээ арилжааны банкуудаас 16 сая.ам доллар худалдах санал хүлээж авсан байна. Энэ долоо хоногт гадаад валютын нийлүүлэлт эрэлтээсээ их байх төлөвтэй тул төгрөгийн ханш ам.долларын эсрэг бага зэрэг чангарах шинжтэй байна гэж Голомт банк Монголбанкны тооцоололд үндэслэн гаргасан валютын долоо хоногийн тайландаа бичжээ.  
 
Валютын ханш тогтворжиход нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Тухайлбал ЭТТ компани Баруун цанхийн нүүрсээ 71.5 ам.доллароор  худалдаж эхэлснээс гадна энэ оны дөрөвдүгээр сараас “Чалко” компанид төлөх 76.5 сая ам.долларыг бүрэн төлж дуусах тухай таатай мэдээ зах зээлийн уур амьсгалд эергээр нөлөөлжээ. Ингэснээр валютын орох урсгал мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдэж улмаар төгрөгийн ханш тогтворжиход нөлөөлөх юм.
 
Мөн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд тавих “Эрдэнэт-Овоот”-ийн төмөр замыг барих шийдвэр гарсан билээ.  542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар байхаар болжээ. Энэ мэдээ нь бас валютын зах зээлд эерэг дохио болсон гэж үзэж байна.
Түүнчлэн Монголын худалдааны тэнцэл 1,197.1 сая ам.доллароор ашигтай гарсан юм. Гэхдээ энэ эерэг тэнцэл экспорт өссөнөөр бус, харин импорт 11.9%-иар буюу 415.1 сая ам.доллараар буурсаны үр дүнд бий болжээ. Гэхдээ гадаад худалдаа ямар нэг байдлаар ашигтай гарах нь төгрөгийн ханш тогтвортой байхад эерэг нөлөөлдөг.
 
2009 оноос хойш валютын таван удаа хүчтэй хэлбэлзэж байжээ. Ханш огцом өсөх ба буурах нь спекуляци буюу ханшийн зөрүүнээс ашиг хүртэх зорилготой эрэлт өссөнтэй холбоотой юм. Ийм үед зах зээлд оролцогчдод "ханш хэзээ эргэн буурах вэ" гэсэн сэтгэл зовинол үүссэнээр ханш бага зэрэг буурах үед нийлүүлэлт огцом өсч ханш өссөн шигээ огцом буурдаг байна.
 
 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД