Дэлхий 2017

Дэргэд байгаа дэлхий 2017-01-31 18:33

“Оюу толгой”-н Ханган нийлүүлэгчдийн форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Шангри-Ла зочид буудлын “Ballroom” танхимд зохион байгуулж буй уг форумд оролцогчид олноороо чуулсан байв. Нийт 675 компанийн 1200 орчим төлөөлөгч оролцож байгаа форумыг үдээс өмнө, хойно оролцогчдоо хоёр хувааж оролцуулахаар зохион байгуулжээ.

Форумд Оюу толгой ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонес, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес, Монголын талын хувьцаа эзэмшигч Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар оролцож илтгэл танилцуулсан нь уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм.

Үүх түүхийг нь бодоход залуу компани боловч өнөөдөр Монгол Улсын эдийн засагт асар чухал үүрэгтэй, боломж, нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх томоохон компани гэдэг нь энд ирсэн хүмүүсийн тоо, хандлагаас мэдрэгдэж байлаа. Өнөөдөр нэгэнт дэлхийн хэмжээний компани болжээ.

Нэгдсэн хуралдааны үеэр Оюу толгой ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн Ерөнхий менежер Л.Оргил зэс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш гурван жилийн хугацаанд олон улсын зах зээлд 3 сая тонн баяжмал нийлүүлсэн амжилтаа танилцуулаад  “Оюу толгойн амжилтыг Монголын амжилт гэж боддог” хэмээв.  

Энд өдий тооны хүн оролцохоор ирсэн нь үндсэндээ нэг л шалтгаантай. Тэд “Оюу толгой”-гоор дамжуулан дэлхий рүү гарах эрмэлзэл тээсэн нь мэдээж. Нэгэнт дэлхийн хэмжээний гэж үнэлж буй компанийн хувьд Оюу толгой ХХК ханган нийлүүлэгчдэдээ “дэлхийн хэмжээний” стандарт тавьж ажилладаг. Түүнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий ханган нийлүүлэгч байна гэдэг өөр ямар ч компанитай хамтран ажиллах чадвар, туршлагатайг итгэнэ. Товчхондоо бидэнд хамгийн ойр “дэлхий” ажээ.

Сайн мэдээ нь тус компанийн нийт худалдан авалтын 80 орчим хувийг дотоодын компани нийлүүлж байна. “Цаашид энэ тоог улам нэмэх хэрэгтэй. Тэгснээр бидний худалдан авалт баталгаажиж, үйл ажиллагаа илүү тогтворжино” гэж Стивен Жонес хэлсэн юм.  

Гэхдээ үүнд анхаарах ёстой нэг зүйл бий. Хэдийгээр худалдан авалтын 62 хувийг монгол компани нийлүүлж байгаа ч түүний тал нь л Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна. Бусад нь импортолсныгоо Оюу толгой ХХК-д зардаг. Өөрөөр хэлбэл, худалдан авалтын багагүй хэсэг нь эцсийн дүндээ гадаадын компанийн орлого болон очиж байна.

100 жил ашиглах уурхайн хувьд бүтээн байгуулалт дөнгөж л эхлэлийн шатандаа яваа. Хэрэв монголчууд үйлдвэрлэж чадаж л байвал Оюу толгойд  боломж их бий. “Оюу толгой гэдэг гүний уурхай юм” гэж Марко Пиресийн тодорхойлсон нь үнэхээр оновчтой сонсдоно. Тэрбээр үргэлжлүүлэн “Гүний уурхайн төслийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай бэхэлгээ, бетон зуурмаг, агааржуулалтын тууз, өндөр нягттай полиэтилен шугам хоолой, насос зэрэг олон бүтээгдэхүүнийг бид зах зээлээс хайгаад эхэлчихсэн байна” гэсэн юм.

Мөн форумын үеэр Ц.Түмэнцогт захирал “Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу цаашид зэс хайлуулах үйлдвэр байгуулах чиглэлээр ажиллана” гэснийг энэ дашрамд дуулгая.

Эцэст нь Армандо Торрес илтгэлийнхээ төгсгөлд “Оюу толгой ХХК бол өрсөлдөх чадвартай, олон улсын үндэсний компани бөгөөд бид зөвхөн та бүхэнтэй, түнш байгууллагуудтайгаа хамт урдаа байгаа урт замыг туулж, амжилтад хүрч чадна” хэмээснээр тэмдэглэлээ ч бас төгсгөе.  


Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД