Хөрөнгийн зах зээл

1072 хувьцааг амьлуулах эхний алхам юу вэ? 2017-02-02 10:19

“"Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн хувьцааг хөдөлгөх арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Монголын хэвлэлийн хүрээлэнгийн байранд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хувьцааг арилжаанд оруулах, эрхийг нь сэргээхтэй холбоотой оролцогчдын өгсөн хариултыг хүргэж байна.

Б.Өлзийбаяр /Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга/:

-Зориг дутаж байна. Улс төрийн зориг, компанийн удирдлагууд зориг гаргаж энэ ажлыг эхлүүлэх ёстой. Нэг айдас байгаа нь одоо нүүрсний үнэ жаахан сэргэж байгаа энэ үеийг ахиад алдчих вий гэдэг. Улс төрчид нь зориг гаргахгүй байсаар байгаад энэ хувьцаа ахиад дөрвөн жил “хэвтчих” вий дээ гэж айж байна.

Санхүүгийн зохицуулах хороо болон компанийн удирдлагуудын хувьд ажлаа аваад удаагүй байгаа учир өнгөрсөн дөрвөн жилийн үр дүнг энэ хүмүүсээс нэхээд хэрэггүй болов уу. Миний харж байгаагаар гарц нь байна. Ямар ч байсан энэ компанийг нээлттэй үйл ажиллагаатай болгох хэрэгтэй. Яаралтай хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх хэрэгтэй. Ингэж байж Эрдэнэс Тавантолгойг улс төрөөс ангид компани шиг компани болгож, хувьцааныхаа үр өгөөжийг авна. Тэгэхээр шинэ удирдлагууддаа энэ асуудлыг зөв талаас нь танилцуулж, хувьцааныхаа өгөөжийг хүртэх нь зөв.

IPO хийнэ гээд нэг их том зүйл хүлээгээд хэрэггүй. IPO хийх нь өөрөө шат дараалалтай, урт хугацааны процесс. Тиймээс үүнийг хүлээж ахиад хэдэн жил алдах хэрэг байгаа юм уу? Ямар ч байсан иргэдийнхээ хувьцааг зөв зохистой арилжаанд оруулах ажлыг богино хугацаанд хийх боломжтой.

Д.Ачит-Эрдэнэ /MICC үнэт цаасны компанийн ерөнхийлөгч/”

-Компанийн үнэлгээ хийлгэх нь зөв. Гэхдээ хувьцаагаа бирж дээр арилжаад эхлэхээр зах зээл өөрөө тогтоогоод өгчихдөг. Жишээлбэл, “жижиг” гэж хэлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн үнэлгээ өнөөдөр ямар байгаа вэ гэдгийг  нэг сонин аваад хувьцааных нь ханшийг үзээд л мэдчихнэ. Үүний адил Эрдэнэс-Таван толгой”-н үнэлгээг ч мөн зах зээл тогтоох ёстой юм.

Засгийн газрын хувьд хувьцааг арилжаанд оруулбал, нэрлэсэн үнэдээ хүрэхгүй үнэ нь уначих вий, хүмүүс мөнгөө алдчих вий гэж айгаад байх хэрэггүй. Нэгдүгээрт, үнэндээ энэ чинь үнэгүй өгсөн хувьцаа шүү дээ. Хоёрдугаарт, зах зээл байнга өсч буурч байдаг. Нүүрсний үнэ л гэхэд маш өндрөөс унаж байгаад одоо жаахан сэргэж байна. Хувьцаа маань ч гэсэн энэ үнээ дагаад өсч, буурч байх ёстой. Байнга өсөлттэй байх боломжгүй учир мөнгө алдана гэсэн айдсаас үүдээд хувьцааг бүртгэхгүй байх нь буруу байх.

Т.Цэрэнбадрал /Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга/:

-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд иргэдийнхээ гар дээр байгаа хувьцааг аль болох түргэн хугацаанд үнэ цэнтэй болгож, эргэлтэнд оруулах бодлого барьж байгаа. Гэхдээ хамгийн гол нь Эрдэнэс-Таван толгой ХК маань шийдвэрээ гаргаад, манайд хүсэлтээ өгөх ёстой. Түүнтэй нь танилцаад гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших хувь нь хэд байх вэ, заавал хязгаар тавих ёстой юу, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны аль хэсэг нь түрүүлж арилжаанд орох юм зэрэг шийдвэрийг баримт материалтай нь танилцаж байж л шийднэ. Одоо бүх зүйл тодорхой биш байгаа учир хэлэхэд хэцүү. СЗХ-ны зүгээс “Эрдэнэс монгол”, “Эрдэнэс-Таван толгой” компанитай хамтраад асуудлыг шийдэх, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахад бэлэн байгаа.

Ц.Цэндмаа /“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн/:

-Иргэд хувьцаагаа арилжиж болохгүй байгаагийн учир нь Засгийн газрын тогтоолоор анхдагч зах зээлийн арилжаа эхэлтэл иргэдийн хувьцааны бүх эрхийг хязгаарлачихсантай холбоотой.  Энгийн хувьцааны эрхийг хязгаарлах нь эрх зүйн зохицуулалтын хувьд ч, олон улсын санхүүгийн зах зээлийн хувьд ч байж боломгүй асуудал учир энгийн хувьцааны өвлүүлэх, барьцаалах зэрэг зарим эрхийг үе шаттайгаар нээх байдлаар зохицуулж болох юм гэдэг саналыг манай компанийн зүгээс гаргаж байгаа. Тодорхой хугацааны дараа шийдвэрүүд нь гараад эрх нь сэргээгдээх байх.

Хувь хүнийхээ зүгээс хэлэхэд, гэрээний асуудал хурдан шийдэгдээсэй гэж бодож байна. Үндсэндээ энэ асуудал шийдэгдэхийг хүлээснээс болоод хувьцааг бирж дээр арилжих эсэх нь хойшлогдоод байгаа юм.

 


Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД