Хүний хөгжил

Бэрхшээлээс боломж руу: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжих нь 2017-02-03 12:13

Монгол Улсад ойролцоогоор 30,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Хэдийгээр тэдний 70 орчим хувь нь бага сургуульд элсэн ордог ч долоохон хувь нь ахлах сургуулиа төгсдөг аж. Харамсалтай нь энэхүү сэтгэл өвтгөм статистик гарах болсон шалтгааныг  судалсан судалгаа хийгдэж байгаагүй. Гэхдээ шалтгааныг нь мэдэхэд тийм ч биш юм.
Иймээс Зориг сангаас эрхлэн явуулдаг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн (Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс санхүүждэг) гишүүн дөрвөн эмэгтэйгээс бүрдсэн баг "Бэрхшээлээс чадвартайд" төслийг санаачилсан байна. Тэдний зорилго бол Баруун Австралиас тусгай зориулалтын тэргэнцэр бүхий хоёр чингэлгийг тээвэрлэхэд шаардлагтай хөрөнгө босгох. Уг тэргэнцрүүд 0-18 насны, 65кг-аас доош жинтэй хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан бөгөөд "Wheelchairs for Kids" (Хүүхдүүдэд зорилсан тэргэнцэр) байгууллага зохион бүтээсэн аж. Тус байгууллага нь Баруун Австралийн тэтгэвэрт гарсан сайн дурынхнаас бүрддэг бөгөөд өнөөдөр хэдийнэ 100 гаруй сайн дурын ажилчидтай болжээ. Тэдний тэргэнцэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажсан ба дэлхийн 74 хөгжиж буй орнуудад тараагдаж байгаа юм.
Энэхүү төслийн өөр нэгэн зорилт бол Монголд орж ирээд буй 60 тэргэнцрийг Чингэлтэй дүүргийн тусгай боловсролын сургуульд сурч буй хүүхдүүдэд тарааж өгөхөд чиглэгдэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нэмэлт витаминаар хангах, эрүүл мэндийн үзлэгт оруулах, тэдний эцэг эх болон асран хамгаалагчдыг сургалтанд хамруулах юм. Хоёрдугаар сарын 9-нд Best Western Туушин зочид буудалд хандивын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд олсон орлогыг тус хөтөлбөрт зарцуулах аж.
“Олон сая тэргэнцэр хэрэгтэй байгаа ч ердөө ганцхан ширхэг тэргэнцэр хэн нэгний амьдралыг тэр чигээр нь өөрчилж чадна” хэмээн Wheelchairs for Kids байгууллагын цахим хуудсан тэмдэглэжээ.
 

О.Түвшин  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД