Аж үйлдвэр

Стивен Жонс: Өнөө маргаашийн үнийн өөрчлөлт бүтээн байгуулалтад нөлөөлөхгүй 2017-02-08 15:21

“Оюу толгой”-н Ханган нийлүүлэгчдийн форум өнгөрсөн сарын 31-нд хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Шангри-Ла зочид буудлын “Ballroom” танхимд зохион байгуулж буй уг форумд нийт 675 компанийн 1200 орчим төлөөлөгч оролцсон. Форумын үеэр Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонес, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес нартай нараас зарим зүйлийг тодруулах боломж цөөн сэтгүүлчид олдсон юм.

Стивен Жонс: Худалдан авалтын маань 80 гаруй хувийг Монголоос нийлүүлж байна

-Юуны өмнө форумд ирсэн явдалд баярлалаа. Өнгөрсөн хугацаанд бид монголын ханган нийлүүлэгчидтэй маш амжилттай сүлжээ байгуулж чадлаа. Нээлтийн үгэндээ би ханган нийлүүлэлтийнхээ 80 гаруй хувийг монголоос хийж байгааг онцлон дурдсан. Үүнийг богино хугацаанд хүрсэн өндөр амжилт гэж дүгнэж байгаа. Энд нэг зүйлийг онцлоход манай хүдэр тээвэрлэдэг хүнд даацын машины засварыг Улаанбаатарт хийдэг болсныг хэлмээр байна.

Өнөөдөр ил болон гүний уурхайд гэрээлэгч компаниудын ажилчид нийлээд Оюу толгойд 8000 гаруй хүн ажиллаж байна. Үүн дээр ханган нийлүүлэгчдээ хамруулбал нийт 35 мянган хүний цалин орлогын эх үүсвэр болж байна.

Өнгөрсөн жил 210 гаруй сая ам.долларын татвар, рояалти төлсөн. Энэ нь төсвөөр дамжин, олон хүний цалин хөлс, эмнэлэг, сургууль барих зэрэг бүтээн байгуулалт болдогийг та бид мэднэ. Энэ бүгдээс бидний үйл ажиллагаа нь нийгэмд нэлээд өргөн цар хүрээтэй үр нөлөө үзүүлж байна гэж дүгнэж болох юм. 

Нөгөө талаар мөнгөөр үнэлж болохгүй нэг зүлйин тухай Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт ярьсан. Энэ нь мэргэжилтнүүдийн суралцаж байгаа ур чадвар, туршлага. Тэдний мэдлэг чадвар цаашид олон арван жил Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулах байх гэж найдаж байна.

Бид өнөөдөр зөвхөн амжилтаа ярих гэж цуглаагүй. Бидэнтэй хараахан ажиллаж амжаагүй, чадахгүй байгаа компаниудтай нүүр нүүрээ харж байгаад ямар боломжууд гарч ирэх вэ, хэрхэн хамтрах вэ зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм.

Хэдийгээр худалдан авалтын маань 80 гаруй хувь нь Монголоос нийлүүлэгдэж байгаа гэсэн статистик байгаа боловч үүний зөвхөн хагас нь л монголд үйлдвэрлэгдсэн байдаг. Нөгөө талаас энэ мөнгөний тал хувь нь дотоодод үлдээд, тал нь импортоор ирж байгаа бүтээгдэхүүний төлбөрт явж байна. Тэгэхээр импортын бараа нийлүүлж байгаа компаниудтайгаа тэдгээр барааг монголдоо үйлдвэрлэж, нийлүүлэх боломж юу байна вэ гэдгийг мөн хэлэлцэх гэж байгаа юм.

Марко Пирес: Гүний уурхайтай холбоотой ханган нийлүүлэлтийн боломжууд нээгдэж эхэлсэн

Нэг зүйлийг онцлон дурдахад гүний уурхайн төсөл бие даасан биш. Ил уурхайн хамт олонтойгоо хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад маш олон гэрээлэгч компани орж ажиллаж байна. Бид нэгдсэн соёл, аюулгүй ажиллагааны дүрэм, нэгдсэн зохион байгуулалтад орж ажилладаг. Өнөөдөр ил уурхайн хамтын ажиллагаа, бий болгосон сүлжээнд түшиглэж гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна.

Ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаас ялгаатай нь гүний уурхайн бүтээн байгуулалт гадны том инженерүүд ирээд буцаж байснаас өөрөөр явна. Мэдээж олон улсын туршлагатай зөвлөхийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ Оюу толгойн хамт олны хүчээр төслийн менежментийг авч явж байна. Зөвлөх компани маань газрын гадарга дээрх том төхөөрөмжийн угсралтыг хариуцаж байгаа ч худалдан авалтын бүх ажлыг Оюу толгой ХХК зохион байгуулсан. Ингэснээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийнхэнтэй зөвлөлдөж үндэсний ханган нийлүүлэлтийг түлхүү оруулах бодлогын эрх мэдлээ авч үлдэж байгаа юм.

Миний хариуцсан гүний уурхайн ажлыг хоёр хуваааж авч үзэж болно. Нэг нь газрын гадарга дээрх барилга байгууламжийн бүтээн байгуулалт, нөгөө нь гүний уурхайн туннелийн нэвтрэлт. Эхний ээлжинд 50 км хөндлөн нэвтрэлтийн ажил хийх ёстой. Ашиглалтын хугацаанд нэмж 150 км нэвтрэнэ. Босоо болон хөндлөн нэвтрэлтийн ажлыг Оюу толгой ХХК өөрөө хариуцаж, гэрээт туслан гүйцэтгэгчдийн оролцоотой хийж байгаа.

Оюутолгой урт хугацааны ирээдүй гүний уурхайгаа хамааралтай. Уурхайн нийт ашиглалтын явцад ямар нөөц бололцоо гарч буйг ханган нийлүүлэгчдэдээ танилцуулж байгаа юм. Гүний уурхайтай холбоотой ханган нийлүүлэлтийн боломжууд нээгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ ашиглаад эхэлчихсэн байгаа. Цаашид улам өргөжин хөгжинө.

-Хоёрдугаар шатны бүтээн байгуулалтад томоохон гэрээлэгч компаниудад хэр их өөрчлөлт орсон бэ?

Марко Пирес: Гүний уурхайн бүтээн байгуулалтад аль болох олон компани татан оролцуулахыг зорьж байна. Хишиг-Арвин ХХК гэхэд л Австралийн компанитай хамтраад манайд амжилттай ажиллаж байгаа. Австралийн компани нь тодорхой хяналт, сургалтын үйл ажиллагаа хариуцаж Хишиг-Арвин үйл ажиллагаагаа гардан гүйцэтгэдэг. Тухайлбал, налуу малталтын технологи эзэмшсэн компани Монголд огт байгаагүй. Харин Хишиг-Арвин ХХК-ийн операторуудодоо манай стандартад нийцсэн налуу малталтыг гүйцэтгэх боломжтой болсон.

Иймэрхүү маягаар түнш компанийн технологи, ноу-хауг нутагшуулж, ашиглах боломжийг бүх талаар эрж хайж байгаа.

-Дотоодын ханган нийлүүлэгчийг нэмэхийг зорьж байна гэлээ. Монголоос авч болохуйц ямар үйлдвэрлэл байна?

Стивен Жонс: Тодорхой жишээ дурдахаас илүүтэй, цаашдаа анхаарч ажиллах зүйл нь Засгийн газар, Оюу толгой ХХК, ханган нийлүүлэгчдийн оролцоо, хөрөнгө оруулалт, алсын хараа нийлж байж Монголын үйлдвэрлэлийн нөөц бололцоог өргөжүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөсгөх боломжтой юм.

Тэгэхдээ бизнесийн янз бүрийн загварыг бодолцож үзэх хэрэгтэй. Нэг талаас үндэсний компаниудыг дэмжих, нөгөө талаас гадны түнш компани өөрийн ноу-хауд монголчууд суралцаж, нутагшуулах зэрэг төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглах шаардлагатай.

Энэ шалтгаанаар өнөөдрийн форумд Оюу толгой ХХК-ийн удирдлага, мэргэжилтнүүдээс гадна Засгийн газрын төлөөлөл, үндэсний олон компани оролцож байна.

Марко Пирес: Нэг жишээ дурдахад гүний уурхайн бүтээн байгуулалтад маш их цемент шаарддаг. Гүний уурхайн үйл ажиллагаа  нь ил уурхайн адил суралцаад, боломжуудыг судлаад явж байгаа. Цаашдаа Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гүний уурхайд авч ашиглах чиглэл барина.

-Эрчим хүчийг дотоодоос худалдан авах талаар ямар боломж эрэлхийлж байгаа вэ?

Стивен Жонс: Бид хоёрын хувьд эрчим хүчний хэлэлцээнд шууд оролцдоггүй учраас хариулт өгөх боломжгүй. Мэдээж хэрэг дотоодоос эрчим хүч авах нь бидний бизнесийн хөгжилд маш их хэрэгтэй. Ажил хэрэг болгохын тулд тал талдаа ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад 3000 орчим ажлын байр бий болно гэж байсан. Өнөөдөр үүний хэд нь хангагдаад байна вэ?

Марко Пирес: 3000 орчим хүн ажиллана гэдэг нь анхны тооцоо. Одоогоор энэ тооноос давж, 3300  хүнийг ажиллах хүч гэж тоооцож сургаж байна. Бүтээн байгуулалтын явцад цаашдаа олон гэрээлэгч компани орж өөрсдийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэнэ. Үүнээс хамаараад ажиллах хүчний тоо хэлбэлзэх юм. Гэхдээ үндсэн сургаж бэлтгэн, мэргэшүүлсэн ажилчдадаа тулгуурлаж ажиллах юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа ажиллах хүчний 87 хувь нь монгол ажилчид байгаа. Манай гүний уурхайд монголчуудын өндөр түвшний, удирдлагын зэрэглэлийн олон албан тушаал хашиж байна. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлд манай эрэлт хэрэгцээг хангасан мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.

-Шинэ засгийн газартай хэр ойлголцож байгаа вэ?

Стивен Жонс: Бид бүх цаг үед Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай нягт хамтарч ажиллаж ирсэн. Өнөөдөр ч энэ хамтын ажиллагаагаа үргэлжүүлээд явж байна. Гол нь бизнесийнхээ тогтвортой байдалд анхаараад ханган нийлүүлэгч компаниуд бусад оролцогч талуудтай тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээ хадгалж байгаа.

-Зах зээлийн нөхцөл, өсөлт зэргээс шалтгаалан гүний уурхайн төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?

Стивен Жонс: Дотоодын зах зээл, эдийн засгийг бид ойлгож байгаа. Хоёрдугаарт компани монголын эдийн засагт ямар үүрэгтэйгээ ч ойлгож байгаа. Өнөөдөр бид бас л энэ асуудлыг ярьж байна. Гүний уурхайн хөрөнгө оруулалт бол урт хугацаагаа харсан шийдвэр. Өнөө маргаашаа харж хийсэн шийдвэр биш. Тиймээс өнөө маргаашийн зэсийн үнийн өсөлт бууралт бол ямар ч нөлөө байхгүй.

Марко Пирес: Бид нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалтаас өөрөөр ажиллаж байгаа. Ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад маш их хэмжээний ажиллах хүч, тоног төхөөрөмж гаднаас авч байсан бол гүний уурхай өнөөдрийг хүртэл дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээнд тулгуурлаж, амжилттай явж ирсэн. Тиймээс цаашид ямар нэгэн хүндрэл учирна гэж бодохгүй байна.

Нэмж хэлэхэд урт хугацааны хөрөнгө оруулалтад тогтвортой байдал маш чухал байдаг. Тиймээс засгийн газрын хамтын ажиллагаа бол бизнесийг амжилттай явуулах нэг түлхүүр юм.

 

 

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД