Үзэсгэлэн

Бизнесүүд дижитал технологийн орчинд дасан зохицно 2017-02-14 10:37

Хорин нэгдүгээр зуун гарсаар технологийн хөгжлийн явц хурдасч, гайхалтай технологиуд бизнесийн өдөр тутмын хэрэглээ болж эхэллээ. Дэлхий даяар бизнесүүд технологийн хөгжлийн улмаас орчны болон зах зээлд бий болж буй өөрчлөлтөд дасан зохицох, бизнесийн загвар, стратегидаа засвар хийх шаардлагатай тулгарч, энэ чиглэлээр тууштай ажиллаж байна.

Компани орчны, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох чадваргүй бол оршин тогтнох хугацаа нь 40 орчим жил байдаг гэж менежментийн судлаач Жим Коллинз, Жерри Поррас нар “Мөнхөд оршихоор бүтээгдсэн” хэмээх номдоо бичсэн нь бий. Зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, зохих өөрчлөлтийг хийж чадсан IBM, Кока Кола, Боинг, Женерал Электрик, Хьюлетт Паккард гэх мэт компаниуд 100 гаруй жил “наслаж”, өдгөө ч амжилттай ажиллаж байна гэж үздэг. Мөн Жим Коллинзын судалгааны багийн дүгнэснээр урт хугацаанд өндөр өсөлттэй байж, “агуу” хэмээх ангилалд багтсан компаниуд нь технологийг өсөлтөд хүрэх “хурдасгуур” болгож ашигладаг гэж үздэг. 
 
Тэгвэл Монгол улсад бизнесүүд энэхүү дижитал эринд хэрхэн дасан зохицох, технологийн тусламжтайгаар давуу тал бий болгох боломжийг хэлэлцэх Digital Business Conference 2017 конференци гуравдугаар сарын 15-нд МТҮП-д зохион байгуулагдах гэж байна.
 
Уг конференциор сүүлийн үед дэлхий даяар өргөн хэрэглээнд нэвтэрч буй технологиуд болох Эд зүйлсийн интернэт, Машинын сургалт, Блокчэйн ба криптовалют зэргийг бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн бүтээлчээр ашиглах, дижитал эринд бизнесээ хэрхэн удирдах, бизнесийн загвар, стратегиа хэрхэн нийцүүлэх, бизнестээ дижитал өөрчлөлтийг хэрхэн хийх талаар хэлэлцэх юм байна.
 
Конференцийг бизнесүүдэд зориулсан программ хангамж, дижитал контент боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн технологи, бүтээлч салбарын “Эм Эл Си Контент” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-ийн Бизнесийн сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, МТҮП, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, томоохон банк, харилцаа холбооны компаниудын мэдээлэл эрхэлсэн захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг CEO Club болон мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд дэмжин ажиллаж байгаа ажээ. 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД