Хөдөө аж ахуй

Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ 2017-02-16 10:12

Өчигдөр /2017.02.15/ болсон Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, мөн 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв.

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 137 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрээд байна. 
 
Түүнчлэн Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдлээ. Үүнд улсын нөөцөөс гаргах бараа, тэдгээрийг буцааж нөхөн бүрдүүлэх зардал, гамшгийн голомтод ажилласан онцгой байдал, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон иргэдийн томилолт, урамшуулал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах зардлууд багтаж байгаа юм.
 
Энэ хүрээнд нийт 1,708 ,118,520 /нэг тэрбум долоон зуун найман сая нэг зуун арван найман мянга таван зуун хорин/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад, энэхүү тогтоолд заасан барааг 2017 оны III улиралд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын  Шадар сайдад даалгалаа. 
 
Тогтоолын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аврах, гал унтраах ангид шуурхай албаны “УАЗ-31519” маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төв, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв, Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт шуурхай албаны “УАЗ-22069” маркийн автомашин, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 тонны “Потон” маркийн автомашин зэрэг бусад зардлыг  улсын нөөцөөс гаргаж, энэ оны гуравдугаар улиралд буцааж нөхөн бүрдүүлэх юм.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД