Банк, санхүү

Банкны захирал робот 2017-02-17 14:30

Банкны зарим мэргэжилтэн ойрын 10 жилд ч биш, 3-5 жилд банкны салбарт том хувьсгал гарна гэж үзэж байна. Хувьсгалын шалтгаан нь шинэ технологи. Санхүүгийн зарим байгууллага цагийн сорилтыг хүлээж авахад бэлдэж 10 жилийн өмнө санаанд ч багтдаггүй байсан ноу-хау нэвтрүүлж  эхэллээ. Гэхдээ үр дүн нь тэр болгон эерэг бус.
 
АНУ-даа хамгийн том гурван санхүүгийн корпорацийн нэг болох “Bank of America” 2017 оноос эхлэн үйл ажиллагаандаа шинэ технологи нэвтрүүлж нэгдүгээр сард л гэхэд хүн ажилладаггүй гурван салбар нээжээ. Ингэхдээ данснаас мөнгө авах, шилжүүлэх зэрэг энгийн гүйлгээ төдийгүй ипотекийн зээл, автомашины зээл, зээлийн карт гэх мэт томоохон гүйлгээг роботод даатгасан байна.
 
Банкны оффисуудыг “хүнгүйжүүлэх”-ийн хамгийн том давуу тал нь цалин хэмнэх. Роботод цалин, нийгмийн даатгал хэрэггүй. Өнөөдөр АНУ-д банкны бараг 100 мянган салбарт хагас сая гаруй оффисын ажилтан ажилладаг байна. Нэг ажилтны дундаж цалин жилийн 30 орчим мянган ам.доллар. Робот ажиллуулбал банкны нэг жижиг салбарт зөвхөн цалингийн зардлаас жилд 100 мянган ам.доллар хэмнэнэ.
 
Банканд робот ажиллуулах дараагийн шалтгаан нь түрээсийн зардал. Хүн ажиллуулахад оффисын том талбай шаардлагатай. “Bank of Americа”-гийн удирдлагын тооцоолсноор автоматжуулсан оффисын талбай хүнтэй оффисынхоос дөрөв дахин бага байх боломжтой.
 
Мэдээж банкны хүнгүй  салбарт сул тал бий. Жишээ нь, Их Британийн “Barclays” банк эртнээс шинэ технологи нэвтрүүлсэн ч үр дүн нь санасанд хүрэхгүй байна. Хүнтэй харилцахыг хүсдэг харилцагч олон. Үйлчилгээ доголдож зарим энгийн гүйлгээ хийхэд хэд хэдэн машинд хандах хэрэгтэй байдаг.
 
Өөрөөр хэлбэл банкны салбарт технологи идээшсэн гэж хэлэхэд эрт байна. Зах зээл хүлээн зөвшөөрөх болтол ахиад хэдэн жил шаардлагатай.
 
Дарга робот
Одоохондоо хиймэл оюун ухаан бий болоогүй. Нэг ч робот Тьюрингийн тестийг давж чадаагүй бөгөөд хамгийн хүчтэй суперкомпьютер ч оюуны чадварын хувьд хулганы энд ч хүрээгүй байна. “Хиймэл оюун ухаан” гэдгийг голдуу адармаатай үйлдэл, зорилт биелүүлэх чадвартай мэдээллийн технологи гэж ойлгодог.
 
Биржийн худалдаа бараг тэр чигээрээ автоматажсан билээ. Цаашлаад, роботжсон систем аажмаар жирийн арилжааны салбарт нэвтэрч байна.
 
Удирдах ухаан, мэдээллийн технологи, аутсорсингийн чиглэлээр зөвлөгөө өгдөг “Acсenture”  компанийн захирал Ричард Ламб удахгүй банкуудын дотоод бодлого бүрэн автоматчлагдаж, олон мянган ажлын байр алга болно гэж үзэж байна.
Гэхдээ ийм технологи томоохон төслийн хэлбэрээр хэрэгжих нь ховор. Банкны салбар дахь автоматажсан удирдлагын талаар одоохондоо ярихад эрт байна.
 
Нууцлалтай мөнгө
Цахим валют нийгэмд тархаж амжаагүй байхдаа банкуудын дургүйг хүргэж эхлэв. Учир нь зээлийн байгууллагуудад цахим валюттай ажиллах туршлага байхгүй. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг цахим валют болох биткоин одоог хүртэл хувьсамтгай хэвээр байгаа бөгөөд зах зээлд нийлүүлэх явцыг нь хянадаггүй, төлбөрийн ул мөрийг олоход хэцүү. Төв банкууд цахим валютыг бүр ч үздэггүй. Учир нь тэд мөнгө хэвлэх бүрэн эрхээ өөр субъекттэй хуваалцахыг хүсэхгүй. Түүнээс гадна цахим валютыг ашиглан зэвсэг, хар тамхины худалдаа хийх, алан хядах ажиллагаа санхүүжүүлэх аюултай.
 
Биткоины статус улс орон бүрт өөр. Жишээ нь, Энэтхэгт биткоин нь ямар ч зохицуулалтгүй, валютын хэрэгсэл гэж үздэггүй. Харин Финландад биткоиноор хийсэн гүйлгээнд бодит валютын адил татвар ногдуулдаг. ОХУ цахим валютыг бүрэн хориглох, тэр байтугай ашигласан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай эртнээс ярьсан ч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй.
 
Биткоины гүйлгээг үүсгэсэн блокчейн (блокийн гинжин хэлхээ) технологи бол ярианы өөр сэдэв. Энэ нь нэг ёсондоо төрөл бүрийн хуваарилалттай өгөгдлийн бүртгэл. Хуваарилна гэдэг нь мэдээлэл хэн нэгэн тодорхой хүний гарт биш, бүх хэрэглэгчийн мэдэлд байна гэсэн үг. Сүлжээн дэх бүх мэдээлэл тодорхой дэс дарааллын дагуу нэг нэгэнтэйгээ холбогдсон блок хэлбэрээр оршдог. Дурын хэрэглэгч мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжтой ч үүнийг зөвхөн өөрийн блокийн хүрээнд хийнэ. Өөрөөр хэлбэл блокчейн дэх мэдээллийг хуурамчаар хийх, устгах, хөндлөнгөөс засах боломжгүй. Харин үнэн бодитой эсэхийг шалгахад хялбар.
 
Блокчейн технологийг Visa болон MasterСard зэрэг дэлхийн төлбөрийн томоохон системүүд идэвхитэй ашигладаг.
 
Роботод даатгая
Дээр хэлсэнчлэн, гадаадын зарим банкны автоматажсан систем харилцагчдад хүний оролцоогүй зээл олгож эхэлсэн. Харин харилцагчийн зээлийн түүхийг хүн шалгадаг аж.
 
Гэхдээ ирээдүйд энэ байдал өөрчлөгдөх магадлалтай. Жишээ нь “Big Data” хэмээх харилцагчийн талаар бүгдийг мэддэг сүлжээний систем бий болоод багагүй хугацаа өнгөрлөө. Мэдээж, энэ системийг банкны салбарт идээшүүлэх амаргүй. Гэхдээ программ хангамжийн үсрэнгүй хөгжлөөс харахад зээл авахад роботын зөвшөөрөл авдаг болохыг үгүйсгэхгүй.
 
Аливаа биометрик систем нь цаасны хэмжээг эрс багасгадаг нь банкуудад чухал ач холбогдолтой. Цааснаас татгалзах нь ажилтнуудын ачааллыг багасгана. Мэдээж зарим ажлын байрыг золиослох шаардлага гарна.
 
Хувьсгал хэзээ гарах вэ?
Дэлхийн санхүүгийн систем өдөр болгон олон их наяд ам.доллар эргэлдүүлж тэрбум тэрбум хүнд үйлчилдэг. Гэвч энэ системд сул тал багагүй бий. Технологи нь хуучирсан. Нэг талаас бид банкны программуудыг энгийн гүйлгээ хийхэд ашиглаж байхад нөгөө талаас банкууд цаасан чек хэвлэсэн хэвээр байна.
 
2016 оны эцсээр Facebook,  MasterCard компаниуд нэгэн хамтарсан судалгааныхаа дүнг нийтэлсэн билээ. Уг судалгаагаар АНУ-ын хүн амын багагүй хэсэг (21-34 насны 70 сая хүн) банкны уламжлалт системд итгэдэггүй, шинэ технологийг илүүд үздэг нь тогтоогдсон байна.
 
Зарим мэргэжилтнүүд ирээдүйд банканд захирал ч хэрэггүй болно гэж үзэж байна. Хэрэв банкууд дотоод бүтэцдээ хувьсгал хийхгүй бол хувьсгал өөрөө тэдэн дээр ирэх аж.

Г.Даваадорж  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД