Банк, санхүү

Хөдлөх хөрөнгийн барьцааны цахим бүртгэлийн сан байгууллаа 2017-02-20 17:15

Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих зорилгоор Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг Олон улсын санхүүгийн корпораци болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран байгууллаа.

Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорациас (ОУСК) Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдсэн Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг 2017 оны хоёрдугаар сарын 20-нд албан ёсоор нээлээ.

Энэхүү цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа эхэлснээр Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх, мөн үүний үр дүнд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилт авах боломжийг сайжруулах юм. ОУСК нь энэхүү төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Цахим орчинд суурилсан барьцааны мэдэгдлийг бүртгэх мэдээллийн сан ашиглалтанд орсноор хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү төслийн гол зорилтуудын нэг биелэх болно.

ЖДБ-үүд нь банк санхүүгийн байгууллагуудын шаарддаг барилга, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн барьцааны шаардлагыг тэр бүр хангаж чаддаггүйн улмаас санхүүжилт авах боломж хязгаарлагдмал байдаг. Нөгөө талаар банк санхүүгийн байгууллагууд нь хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг, хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх нэгдсэн мэдээллийн сан байхгүй зэрэг шалтгааны улмаас хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох боломж дутагдалтай байсан.

Төслийн хүрээнд боловсруулагдаж батлагдсан “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль” нь 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд хууль амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгөхөд цахим мэдээллийн сан чухал ач холбогдолтой юм. Хуулийн дагуу зээлдэгчид, ЖДБ эрхлэгчид өөрсдийн дансны авлага, бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг банк, санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангасан хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл, санхүүжилт авах боломжтой болох юм. Цахим мэдээллийн сан нь тухайн хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг олон нийтэд ил тод мэдээллэхээс гадна барьцааны эрх хэрэгжүүлэх дарааллыг тогтоох зорилготой. ОУСК-ийн зүгээс бусад гол оролцогч байгууллагуудтай хамтран өнгөрсөн хугацаанд олон тооны сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж ирсэн ба үүнд нийтдээ 1000 гаруй хүн хамрагдсан байна.

“Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний гол зорилтуудын нэг юм” хэмээн ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр хэлсэн байна. Түүнчлэн тэрээр “ОУСК-ийн дэмжлэгтэйгээр бид Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтцийг бэхжүүлж үүний ачаар ЖДБ эрхлэгч нарт бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардагдах зээл, санхүүжилт авах боломжийг сайжруулах болно.  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн цахим санд интернетэд холбогдсон бол хаанаас ч хандаж мэдээлэл авах, хайлт хийх, барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх замаар иргэн, байгууллагад хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ авах боломж, нөхцөлийг хангаж байгаа юм. 2017 оныг Хууль зүй, дотоод хэргийн салбар бүхэлдээ “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд барьцааны мэдэгдлийн бүртгэлийн цахим систем бий болгох нь бидний энэ онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын нэг юм.” гэжээ.

ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Туен Д. Нгуен хэлэхдээ “Энэхүү цахим мэдээллийн сан өнөөдөр ашиглалтанд орж байгааг харахад маш баяртай байна. Цаашдаа ОУСК-ийн зүгээс Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулан хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажилласаар байх болно” гэсэн байна.

ОУСК-ийн зүгээс Хятад, Гана, Вьетнам зэрэг дэлхийн 20 гаруй улсад энэхүү төслийг хэрэгжүүлэхээр тухайн улсуудын засгийн газрууд, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төслийн үр дүнд зөвхөн Хятад улсад 2007 оноос хойш нийт гурван их наяд ам.долларын хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүжилт олгогджээ.

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД