Мөнгөний бодлого

Эдийн засагчид EFF хөтөлбөрийн талаар 2017-02-22 10:43

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдахаар болсонтой холбогдуулан Mongolian Economy зарим эдийн засагчийн байр суурийг хүргэж байна. Манай сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараас илүү олон эдийн засагчийн байрь суурийг хүлээн авч уншаарай.

 

 Г.Рагчаасүрэн /Эдийн засагч, доктор, Гэрэгэ партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал/

Миний ойлгосноор төсвийн алдагдлыг бууруулахад анхаарч зардлаа танаж, татваруудыг нэмнэ гэсэн. Үүнээс өөр арга байхгүй. Хэрвээ томоохон бондуудын эргэн төлөлт хүлээгдээгүйсэн бол хөтөлбөрт хамрагдахгүйгээр бодлогоо аваад явах боломжтой байсан. Өнөөдөр тэр мөнгийг дотоодоос гаргах бололцоо байхгүй, гадаад зах зээлд бонд гаргая гэхээр хэт өндөр хүүтэй олдоно.

Ирэх 2-3 жилд хэрэв таваарын үнэ одоогийнхоос өсөхгүй бол Засгийн газрын зардал буурч, татвар өссөнөөр эдийн засаг их удаан өсөлттэй байх болно. Нүүрс, зэсийн үнэ өсдөггүй л юм бол нэг их сайн дүр зураг харагдахгүй байна. Засгийн газар зардлаа яг хэдээр бууруулах вэ гэдэг нь чухал. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлт болон ажилгүйдэлд муу нөлөөтэй. Нөгөө талд валютын ханш харьцангуй тогтвортой, инфляци нам дор түвшинд байна. Магадгүй тэгээс доош түвшинд хүрч мэдэх юм.

Хэрэв түүхий эдийн үнэ унавал бүр л хэцүү байдалд орно. Одоогийн тооцоонд таваарын ханшийг хэдээр тооцсон нь чухал. Түүнээс доош унавал нөхцөлөө хатууруулж, өсвөл зөөлрүүлэх байдлаар явах болов уу.

Энэ бол төсвийн сахилга бат гэдэг үүднээсээ сайн зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баримталж ирсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гол асуудал УИХ дээр л үүсээд байна. Оруулж ирсэн төсвийн зардлыг үргэлж өндрөөр өсгөж баталдаг. Тэгээд орлого нь хүрэхгүй болохоор зээл авдаг. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд эхлээд улс төрийг сахилга батжуулах хэрэгтэй. Үүнтэй холбоотой нэг хуулийн санаа яваад байх шиг. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийг УИХ өөрчлөлгүйгээр баталдаг болох тухай. Доороос бүх шатны байгууллагаас санал авч боловсруулсан төслийг УИХ дураараа засч өөрчилдөг нь буруу.

 

 Б.Лакшми /Эдийн засагч, Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал/

ОУВС-гийн хөтөлбөрүүд нь эхний ээлжид тухайн улсын санхүүгийн удирдлагыг бүрэн шилжүүлж авснаар хэрэгждэг. Хамгийн сүүлд л гэхэд Грек улсад хэрэгжсэн. Ер нь аливаа  улс орны санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь ОУВС болдог. Бидний хувьд ч өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбараас хамаарч нөхцөл байдалд хэт өөдрөг хандаж, богинохон ой санамж, төлөвлөгөөтэй байж, үргэлж л сайн байх юм шиг бодож санхүүгийн сахилга батаа алдсан. Улс төрийнхөн ч, аж ахуйн нэгж компаниуд, өрхийн хувьд ч ялгаагүй. Нөгөө талд өнгөрсөн оны 11 дүгээр сард манай улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэл тогтоогч олон улсын агентлагууд бууруулсан нь бусад боломж, гарцыг хаасан гэж хэлэхэд болно. Гэхдээ ОУВС-гийн нэг давуу тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Учир нь зээлжих зэрэглэл буурсан тохиолдолд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй байдаг тул өрийн хавханд орсон орнуудад сүүлчийн боломж нь болдог.

 

 Hans Holzhacker /Голомт Банкны ерөнхий эдийн засагч/

Монгол Улсын Засгийн газар болон ОУВС-гийн баг 440 сая ам.долларын гурван жилийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дээр ажлын хэсгийн түвшинд хэлэлцээрт хүрсэн нь сайн мэдээ. Энэхүү мэдээ сүүлийн хэдхэн хоногийн дотор гарсан хоёр дахь сайн мэдээ бөгөөд дөрөвдүгээр улирлын хүчтэй гүйцэтгэлийн ачаар бодит ДНБ өмнөх жилтэй харьцуулхад нэг хувийн өссөн нь дийлэнх ажиглагчдын таамаглаж байснаас хавьгүй сайн үзүүлэлт юм.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ба олон улсын санхүүгийн байгууллагууд болон Япон, Өмнөд  Солонгос зэрэг улсаас орж ирэх боломжтой гурван тэрбум ам.доллар, мөн Хятадын ардын банкны Монголбанкинд нээсэн байгаа 15 тэрбум юанийн своп шугамын хугацааг сунгах зэрэг нь Монгол Улсад валютийн ханшийг тогтворжуулах, санхүүгийн байр сууриа нэгтгэх, мөн уул уурхай болон дэд бүтцийн салбар төдийгүй эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход чухал үүрэгтэй хөдөө аж ахуй зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт хийх бизнесийн нөхцөлийг эргэн сэргээх цаг хугацааг бий болгох юм.

Хэдийгээр ОУВС ажлын хэсгийн түвшинд тохиролцсон эдийн засгийн хөтөлбөр санхүүгийн чангатгасан бодлого болон төсөв талд сөрөг өсөлтийн дохионд хүргэх боловч 2016 оны хүчтэй гүйцэтгэлтэй дөрөвдүгээр улирал болон илүү тогтвортой бөгөөд ойрын ирээдүйд сэргэх хүлээлт үүсгээд буй хөрөнгө оруулалт болон хувийн хэрэглээ дээр суурилж бид 2017 онд 1.3 хувь, 2018 онд 2.4 хувийн ДНБ өсөлттэй байна гэх таамаглалдаа үнэнч үлдэх хэрэгтэй. Хятадын эдийн засаг яльгүй удааширсан, мөн зарим нийлүүлэлтийн дутагдалтай байгаа зэргээс хамаарч БНХАУ руу хийх экспортын хэтийн төлөв муугүй харагдаж байна. Тиймээс бидний 2017 оны бодит ДНБ өсөлтийн таамаг Монгол Улсын Сангийн яам болон ОУВС-гийн таамаглаж буй -0.2 болон 1.8 хувийн өсөлтөөс өндөр байгаа юм. Оюу Толгой зөвхөн 2021 онд бүрэн хүчин чадалдаа хүрэх учир нь 2019 оны хувьд ОУВС Монгол Улсыг найман хувийн өсөлттэй байхаар харж байгаа нь бидний хувьд бага ч болов эерэг зүйл бөгөөд өсөлт ирэх нь бараг тодорхой зүйл юм. Гэвч ОУВС-тай тохиролцсон арга хэмжээг харвал 2017 онд төсвийн алдагдлыг ДНБ-ний 3.4 хувь болгож бууруулах явц хүндрэлтэй байх магадлалтай. Үүний үр дүнд ОУВС-тай зарим тал дээр дахин шинэ хэлэлцээ хийхэд хүргэж болзошгүй.

ОУВС-гийн хэвлэлийн мэдээнээс ажихад валютын ханш сүүлийн үед тогтвортой байсан учир Монголбанк бодлогын хүүг бууруулах бололцоо байгаа гэж харагдаж байна. Энэхүү мөнгөний бодлого хэтэрхий чанга байхгүй, мөн моргэйжийн хөтөлбөр сунгагдаж байгаа зэрэг нь сайн мэдээ. Үүний зэрэгцээ төв банк эдийн засгийн бодлогуудыг ил тод, оновчтой байлгахын тулд хагас төсвийн (quasi-fiscal) шинжтэй бодлогын арга хэмжээнээс татгалзаж байгаа нь зөв юм. Банкны системийг бэхжүүлэх төлөвлөсөн арга хэмжээ нь мөн эерэг харагдаж байна. Эрүүл банкны систем байх нь эдийн засгийг дэмжих зөв санхүүгийн оролцоонд зайлшгүй хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийг сэргээх, Монгол Улс одоогийн өрөө төлөв чадавхтай болоход нэн чухал ач холбогдолтой. "Эрх баригчид томоохон уурхайнуудад шинэ хөрөнгө оруулалт татах, мөн эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж ялангуяа хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах томоохон бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн үйл ажиллагаа болон хэтийн төлвийг шууд нэмэгдүүлэхээр зорьж байна" хэмээн ОУВС-гийн тайланд тэмдэглэжээ. Бид үүнийг ялангуяа Тавантолгойтой холбон ярьж байна гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр энэ нь Засгийн газрыг уг чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монголын нүүрсний салбарт томоохон өөрчлөлт хийх шахалт үзүүлж байна гэж харж байна.

Монгол төгрөг чангарч, магадгүй Чингис бондын зарим үнэ өсөх зэрэг нь энэхүү гэрээг зах зээлд зарласнаас үүдэж болох богино хугацааны нөлөө байх магадлалтай. Гэвч хөтөлбөрийг тойрсон нэлээд тодорхой бус зүйлс байсаар байна. Жишээ нь ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл болон бусад зээлдүүлэгчид гэрээг батлаагүй байгаа. Хөтөлбөрийн бүх мэдээллийг олон нийтэд хараахан мэдэгдээгүй байна. Тиймээс мэдээллийн урсгал болон чанараас хамаарч их хэмжээний тогтворгүй байдал болон зах зээл дээрх хөөрөгдөлт бий болж болзошгүй юм.

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД