Ертөнц

Хойд Солонгосын өдөөн хатгалга 2017-03-06 12:42

Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс Япон тэнгис рүү пуужин харвалаа.
Өмнөд Солонгосын армийн төв штабаас мэдээлэхдээ хойд Солонгос Японы цагаар 7 цаг 36 минутад Пён-Ан, Тон Чан-Ри зэрэг бүсээс Япон тэнгис рүү гал нээсэн. Одоогоор пуужингийн төрөл нь тодорхойгүй байгаа бөгөөд ажиглалтаа сайжруулж, цэрэг армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан гэж мэдэгдэв. Өмнөд Солонгосын KBS телевизийн мэдээлж буйгаар нэг бус удаа харвасан байна.
Хойд Солонгос өнгөрөгч сарын 12-ны өдөр мөн Пён-Аны Кусон хэмээх газраас шинэ загварын, дунд тусгалын пуужин харвасан. Уг пуужин 550 километрийн өндөрт хөөрч, харвасан газраасаа 500 километрийн алсад, Япон тэнгисийн ойролцоо унасан юм. Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдэл нь Америк болоод өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотой. Хамтарсан сургуулилт энэ сарын нэгэнд эхэлсэн бөгөөд хойд Солонгосын зүгээс хүчтэй эсэргүүцэж байсан юм.
Хойд Солонгосын пуужин Япон тэнгист унасантай холбогдуулан Японы Засгийн газар холбогдох газруудыг яаралтай хуралдуулах, нөхцөл байдлыг ажиглах, дүн шинжилгээ хийх,  мөн хэрхэн хариу үйлдэл үзүүлэх зэргийг хэлэлцэх шийдвэр гаргасан. Хойдууд нийт дөрвөн пуужин харваснаас гурав нь Японы усан хилд унасан байна.

Японы гадаад хэргийн сайд Кишида АНУ-ын Аюулаас хамгаалах газрын дарга Рекс Тиллерсон, Солонгосын гадаад хэргийн сайд Юн Бёнсэ нартай утсаар ярьсан тухайгаа дурдаад “Энэхүү үйлдэл нь бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, хэм хэмжээг ноцтой зөрчсөн, уучилж боломгүй үйлдэл. Цаашид бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс хатуухан сөрөг арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн гэжээ.  

Орчуулсан: М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД