Хөрөнгийн зах зээл

Ногоон зээлийн сангийн төсөл бэлэн боллоо 2017-03-07 11:37

Агаарын бохирдлыг бууруулахад богино болон урт хугацаанд бодитой, жинтэй үүрэг гүйцэтгэх Ногоон зээлийн сан байгуулах төсөл бэлэн болжээ. Энэ тухай Монголын банкны холбооноос мэдээлж байна. Энэ төсөл МБХ, хувийн хэвшил, мэргэжилтнүүдийн санаачилга, зүтгэл, БОАЖЯ болон олон улсын байгууллагуудын оролцоо дэмжлэгээр хөгжсөний үр дүнд хэрэгжилтийнхээ шатанд орж байна. Ногоон зээлийн сан нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд ч дорвитой нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтын сан юм.
 
Одоо Засгийн газар, БОАЖЯ, хотын захиргаа зэрэг бодлого боловсруулагчдад танилцуулж, дэмжлэг авах, шийдвэр гаргуулах үлдээд буй аж. БОАЖЯ-ын сайд, Засгийн газар, Нийслэлийн захиргаа шууд дэмжиж, төр хувийн хэвшил хамтарсан ногоон санхүүгийн шинэ тогтолцоог хөгжүүлнэ гэж Банкны холбооныхон найдаж байна.
 
Ногоон зээлийн сангийн хүрээнд утааны дараагийн улирал буюу энэ оны 11 дүгээр сар гэхэд бахь байдгаараа сууж байлгүй, бага хүүтэй санхүүжилт татах, эхний ээлжинд тодорхой бүсэд хэдэн арван мянган янданг үгүй хийж, цахилгаан халаагуурыг зээлээр санхүүжүүлэх бодитой төлөвлөгөө боловсруулжээ. Иймд маш шуурхай, шахуу ажиллах шаардлагатай юм. Утааг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй ч эхний ээлжинд цахилгаан халаагуур нэвтрүүлж, янданг бодитой цөөлөх, цаашид дулаалга, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, түлш, бохирын шийдэл гэх мэт өөр шийдлийг хөгжүүлж, гадаадаас бага хүүтэй эх үүсвэр оруулж ирэн санхүүжүүлэх боломжтой.
 
Утаанаас салах шийдэл ямар ч байлаа гэсэн тогтвортой, тасралтгүй санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Ийм зөв тогтолцоогүй бол утаа нэрээр үр ашиг нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө хяналтгүй урссаар байх болно. Бодлогыг төр, санхүүгийн хяналт, менежментийг мэргэжилтнүүд, хувийнхан гүйцэтгэсэн нь засаглалын хувьд хамгийн үр ашигтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД