Ертөнц

Хятадын банкны систем дэлхийд хамгийн томоор шалгарав 2017-03-09 14:29

Хятадын банкны систем өөрийн активын хэмжээгээр Евро бүсийн санхүүгийн тогтолцоог гүйцэд түрүүлэн дэлхийд нэгдүгээрт орсон тухай “The Financial Times” мэдээлж байна.
 
2016 оны төгсгөлд Хятадын банкуудад нийт 33 их наяд америк доллар байна гэсэн дүн гарчээ. Харин Европын холбооны улсуудын банкуудад 31 их наяд, АНУ-ынхад 16 их наяд, Японд долоон их наяд америк доллар тус тус байна.
 
Хятадын банкны систем нь Засгийн газар дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд банкны зээлд түшиглэсэн байдаг онцлогтой. “China Development Bank” зэрэг төрийн банк гол үүрэгтэй. Гэхдээ арилжааны банкны нөлөө ч багагүй.
 
“The Financial Times”-ийн бичиж буйгаар 33 их наяд бол БНХАУ-ын зээлийн байгууллагуудын хөрөнгийн бодит тоо биш. Учир нь тус улсын банкны салбарт 2010 оноос эхлээд сүүдрийн эдийн засаг хүчтэй хөгжсөн. “Сүүдэрт” байх санхүүгийн байгууллагууд нь арилжааны банктай нягт холбоотой.
 
Үндсэндээ, Хятадын банкны систем ДНБ-ээсээ 3,1 дахин их байна. Европын холбооны хувьд энэ тоо 2,8 байдаг.
 
Эдийн засагчдын үзэж буйгаар тэнцвэрийг хангахын тулд үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгслийг дэмжиж, арилжааны банкны нөлөөллийг багасгах замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Банкны систем, ДНБ-ний ялгаа их байгаа нь санхүүгийн аливаа хэрэгслийг төр хатуу хянадагтай холбоотой аж.
 
Г.Даваадорж

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД