Хөрөнгийн зах зээл

Оюуны хөрөнгөө үнэлэх нь 2017-03-10 17:42

“Оюуны өмчийн үнэлгээ хийх арга зүй: Онол ба практик” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-д болж  тус сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш П.Баянсан илтгэл тавилаа. Оюуны өмчийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн цөөн хэдэн үнэлгээчдийн нэг тэрбээр биет бус хөрөнгө үнэлэх олон аргын аль нь ямар тохиолдолд оновчтой байх талаар өөрийн туршлага, судалгааны ажлыг танилцуулсан юм.

Энэ сарын 1-нээс Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр бизнес эрхлэгчид биет бус хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэж байгаа юм. Гэвч үүнээс нэгэн асуудал урган гарч байгаа нь оюуны өмчийг хэрхэн үнэлэх вэ? хэн үнэлэх ёстой вэ?

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай болон дээрх хуульд оюуны өмчийг үнэлэх тухай тусгахдаа оюуны өмчийн газар, хөндлөнгийн этгээд, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмчийн эзэн өөрөө үнийг тогтооно хэмээн ихэд зөрүүтэйгээр тодорхойлжээ. Харин шинээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг биелүүлэхтэй холбоотойгоор өмчийг зах зээлийн эргэлтэд оруулж нэгдсэн үнэлэх арга зүйтэй болох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Дэлхий дахинд биет бус хөрөнгийн үнэ цэнийг эртнээс чухалчилж ирсэн. Цаг хугацаа улирах тусам оюуны өмчийн үнэлэмж үлэмж нэмэгдэж байна. Standard & Poors агентлагийн үнэлгээгээр топ 500 компанийн (S&P 500 index) нийт хөрөнгөд биет хөрөнгийн эзлэх хувь 1975 онд 80 гаруй хувьтай байсан бол 2015 онд эсрэгээрээ 20 хүрэхгүй хувь болж буурчээ.

Гэтэл монгол эрдэмтэн, судлаачдын 100 мянга орчим оюуны өмч бүртгэлтэй байдгаас ердөө нэг хувьд нь л оюуны өмчийн үнэлгээ хийлгэж, эдийн засгийн эргэлтэд орсон байдаг аж. Тэр бүү хэл шинжилгээ судалгааны гол байгууллагын нэг МУИС хүртэл өөрийн нэр дээрх оюуны өмчөө санхүүгийн тайландаа бүртгэдэггүй гэхээр Монгол Улс дэлхий ертөнцөөс хэрхэн хоцорч, ямар их нөөц баялгаа үнэгүйдүүлж буйгаа бид мэдэхгүй явсаар буй хэрэг.

Харин Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсанаар өмчийн эзэд өмчдөө үнэлгээ хийлгэх сонирхол нэмэгджээ. Монголд аливаа хөрөнгийн үнэлгээ тогтоох үндэсний стандарт үгүй учир хуулийн дагуу олон улсын стандарт (Үнэлгээний олон улсын стандарт 210)-ыг мөрдлөг болгох учиртай аж. Гэвч энэ чиглэлээр мэргэшсэн үнэлгээчин хуруу дарам цөөн байгаа нь үнэлгээ тогтоолгох шаардлагатай биет бус хөрөнгийн тоотойгоо харьцуулахад хэтэрхий цөөн, оюуны өмчийг үнэлэх хэрэгцээ шаардлага байгаа ч тогтолцоо үгүй, байгууллагуудын уялдаа холбоо сул, эрх зүй, бодлогын бичиг баримтууд хоорондоо зөрүүтэй зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа нь түүний илтгэлээс тодорхой харагдаж байв. Цаашид үндэсний стандарттай болох шаардлагатайг тэрбээр мөн дурдсан юм.

Гэхдээ энэ нь үл шийдвэрлэгдэх асуудал гэсэн үг биш. Нэг хувь нь ч гэсэн үнэлгээ хийлгэж, эдийн засгийн эргэлтэд орсон гэдэг нь үүний нотолгоо. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт биет болон биет бус хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсийн нэгтгэсэн байгууллага бий бөгөөд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм. 

 

Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД