Дэлхий 2016

Инфляци хэдэн хувь байгааг мэдэж байна уу 2017-03-13 14:18

Бүгд л ам.долларын араас хошуураад төгрөгөө ч бүр мартаж дээ. Цалингаараа авдаг хүнс, хувцасных нь үнэ яаж өөрчлөгдөхөөс илүү хадгаламжинд байгаа хэдэн ногооноо хэзээ татах нь хонжоотой алхам болох вэ гэдэг л хамгаас сонирхолтой байгаа биз.

Гэхдээ түүнээс сонирхолтой нь өнөөдөр инфляцийн түвшин хэдэн хувь байгаа, иргэдийн худалдан авах чадавхи хэрхэн өөрчлөгдөж буйг Монголбанк ч сонирхохоо байж. Төвбанкны албан ёсны цахим хуудас инфляцийн статистик мэдээг сар бүр тогтмол хүргэж ирсэн боловч өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээлэл өдийг хүртэл солигдолгүй хуучирчээ. Харин Үндэсний статисткикийн хороо цахим хуудастаа инфляцийн түвшин 3.3 хувь байгаа хэмээн нийтэлсэн байна. Гэвч инфляци ийн нэмэгдэхэд юу нөлөөлсөн, энэхүү мэдээлэл нь хэзээнийх болох нь тодорхойгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбоос дээр нь хулганаараа товшиход бүр ч гайхаш төрүүлж, уржнан жилийн (2015 онд инфляцийн түвшин 6.6 хувь байсан) мэдээлэл дэлгэж байгаа нь тохуурхаж байна уу гэлтэй.

Сонирхолтой юм шүү, ам.долларын ханш тэнгэр өөдөө цойлж байхад манай улсад үнэ ажиг ч үгүй “тайван” байж, бүр зөрүүдлэх шиг хямдарч, улсаараа дифляцитай нүүр тулсан. Хэрэгцээнээсээ давсан импорт хийгээд нийлүүлэлт нь ихэдчихсэн үү гэвэл бид улсаараа тийм их хэмжээний ам.доллартай байгаагүй юм. Энэ бол зах зээл агшиж, эдийн засаг ам.доллар ч үгүй, төгрөг ч үгүй болж буйгийн шинж тэмдэг байсан.

Үндэсний статистикийн хорооны цахим хуудас дээрх ганц тоог хамгийн сүүлийн үеийнх гэж үзвэл (найдвал) энэ нь нэлээд нааштай мэдээ болно. Тийм бол, эдийн засагт өнөөдөр чухам юу өрнөөд байгаа хэрэг вэ. Ажлын хэсгийн түвшинд тохиролцсон ч ОУВС хараахан Монгол Улсад EFF хөтөлбөрөө өгчихөөгүй байгаа. Америк ногооны ханш ч буурч шалиагүй. Тэгвэл төгрөг?

Өнгөрсөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) 12.3 их наяд төгрөг болсон нь  өмнөх сараас 3.2, өмнөх оны мөн үеийнхээс 22.5 хувиар өссөн дүн ажээ. Үүний 2.4 их наяд нь валютын хадгаламж эзлэх бөгөөд өмнөх сарынхаасаа 5.5 хувиар буурсан нь энэ юм.

Харин эсрэгээрээ төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 6.7, өмнөх  жилийнхээс 17.1 хувиар өссөн байна. Зөвхөн хадгаламж бус, хадгаламжийн байгууллагаас гадуурхи болон төгрөгийн харилцах данс дахь мөнгө ч өссөн бөгөөд өнгөрсөн сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өмнөх сарынхаасаа хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн оны хоёрдугаар сарынхтай харьцуулахад 44.1 хувиар төгрөгөөр өсчээ.


Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД