Бизнес

Монгол-Японы бизнес зөвлөлийн ерөнхийлөгчөөр Д.Сумъяабазарыг сонголоо 2017-03-14 09:06


МҮХАҮТ дэргэд 30 гаруй бизнес зөвлөл ажилладаг бөгөөд Монгол-Японы бизнес зөвлөл өчигдөр хуралдаж зөвлөлийн ерөнхийлөгч болон тэргүүлэгч гишүүдийг шинэчлэн томиллоо. Нийт 60 гаруй гишүүнтэй тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазарыг сонгосон юм.
 
Монгол-Японы бизнес зөвлөл нь хоёр улсын хоорондын худалдаа арилжаа, бизнесийн харилцааг дэмжих, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тэдний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага юм. Түүнчлэн хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу аж ахуйн нэгжүүдийг харилцан зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн экспортлох болон хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах чиглэлээр ажиллаж, эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой санал оруулах зорилготой ажиллаж буй ажээ.
 
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ "Монгол-Японы бизнес зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, Японы зах зээл рүү Монголын компаниудыг гарч ажиллах, олон нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолж худалдааны эргэлтийг сайжруулах, бизнесийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүх боломжийг эрэлхийлэн ажиллана" гэсэн юм.
 
Түүнчлэн Монгол-Японы Парламентын бүлгийн даргын хувьд хууль эрх зүй болон бизнесийн боломжийг хослуулан дорвитой арга хэмжээ авч, хичээнгүйлэн ажиллана гэдгээ уламжиллаа. 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД