Эдийн засаг

Монголчуудын дундаж цалин 942.9 мянга болж нэмэгджээ 2017-03-14 15:26

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дурдсанаар өнгөрсөн оны 4 дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 577.9 мянган ажиллагчид хамрагджээ.
 
Эдгээр ажиллагчдыг цалингаар нь ангилан үзвэл
 
28.3 мянга нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай,
 
51.8 мянга нь 192.0-300 мянган төгрөг,
 
93.0  мянга нь 300.0-500 мянган төгрөг,
 
218.5 мянга нь 500.0-900 мянган төгрөг,
 
103.2  мянга нь 900.0-1300 мянган төгрөг,
 
22.5 мянга нь 1300.0-1500 мянган төгрөг,
 
60.6 мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.  
 
Харин ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл:
 
500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 3.2 мянгаар,
 
700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.7 мянгаар,
 
900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар,
 
1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.4 мянгаар,
 
1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар,
 
1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.8 мянгаар нэмэгдсэн байна. Түүнчлэн 192.0-300.0 мянган төгрөгийн
цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 300.0- 500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурсан байна.
 
Мөн сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2311.7 мянган төгрөг бол хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх хамгийн бага буюу 626.3 мянган төгрөг байна.
 
Түүнчлэн ажиллагчдын тооны бүлгээр дүгнэвэл
 
1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 609.3 мянган төгрөг,
 
10-49 ажиллагчтайнх 767.3,
 
50-99 ажиллагчтайнх 887.0,
 
100-199 ажиллагчтайнх 1020.2,
 
200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1291.6 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн оны 4 дүгээр улирлын байдлаар 942.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 74.4 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 58.6 (6.6%) мянган төгрөгөөр өссөн байна. 

А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД