Бизнес

Монголын бизнесийн зөвлөлийн гишүүд EFF хөтөлбөр хэрэгжүүлэх оролцогч талуудтай уулзлаа 2017-03-15 11:49

Монголын Бизнесийн зөвлөл (МБЗ) өнгөрсөн 13-ны өдөр сар бүрийн ээлжит уулзалт хэлэлцүүлгийг “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (EFF) ба хувийн хэвшилд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр "Бэст Вэстерн Туушин" зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг эдийн засагч Д. Жаргалсайхан хөтөлж, Монгол Банкны Дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкер, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон нар оролцогчдын асуултад хариулав.

Хэлэлцүүлгийн үеэр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкер EFF нь Стэндбай хөтөлбөрөөс удаан хугацаанд үргэлжилж, харьцангуй бага буюу хоёр хувийн хүүтэй байх тухай онцлон тэмдэглэв. Мөн тэрээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хэмжээнд аваачих нь хөтөлбөрийн зорилго гэлээ.

Түүнчлэн Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулахын тулд төсөв хэтрүүлсэн зардлыг зогсоож шударга тайлан тооцоо гаргах нь реформын эхний алхам байх болно гэв.

2009 онд Монгол Банк эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн туршлагатай ба энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсанаар зээл нэмэгдүүлэх гэхээсээ зээлийн бүтцийн өөрчлөлт хийж байгааг Монгол Банкны Дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн онцоллоо.

Эдийн засагч Д. Жаргалсайхан “Одоо эдийн засаг хүндрэлтэй үед Засгийн газар иргэд, хувийн хэвшлийн үгийг сонсоно. Бид өөрсдийн дуу хоолой, шаардлагаа зогсолтгүй илэрхийлсээр байх ёстой” гэв. 

Мөн уулзалтаар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри тус улсын Засгийн газраас санхүүжүүлсэн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг товч танилцуулсан ба уг хөтөлбөрт хамрагдсан 20 орчим төгсөгчид уулзалтанд оролцсон юм.

 

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудад тулгамдаж буй асуудал хэлэлцэх, хамтран шийдэл олох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгох мөн цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах зорилготойгоор МБЗ сар бүрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ.  
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД