Ертөнц

“BBC аав”-ын мэдэгдэл 2017-03-16 17:18

Энэхүү үйл явдлын дараагаас хүмүүс түүн рүү залгаж “Та тэр үед доогуураа гэрийнхээ өмдтэй байсан уу” гэхчилэн асуулт асуух болсон. Мөн тэрээр телевизийн шууд эфирийн үеэр хүүхдээ дэлгэцээс холдуулахын тулд хүчтэй түлхээгүй хэмээн учирлаж байв.
Роберт Келлийг одоо “ВВС аав” хэмээн хочлох болсон. Тэрээр Скайп сүлжээгээр ВВС телевизийн шууд эфирт холбогдон Өмнөд Солонгосын улс төрийн байдлын талаар тайлбарлаж байсан бөгөөд энэ үеэр түүний хүүхдүүд өрөөнд орж ирснээр тэдний гэр бүл олны танил болсон юм. Өчигдөр Келли болоод түүний гэр бүл сэтгүүлчидтэй уулзан  “хөгжилтэй алдаа” наас үүсэлтэй дуулианы талаар тайлбар хийсэн байна.
Келли БНСУ-ын Пусан их сургуульд профессороор ажилладаг бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Хэдэн жилийн дараа ч хүмүүс намайг энэ үйл явдлаар л дурсан санах байх” хэмээн хэлжээ.
Шууд эфирийн үеэр түүний дөрвөн настай охин Марион, араас нь хөлд оруулагчинд суусан найман сартай хүү Жэймс нар орж ирсэн бөгөөд эхнэр Ким Жүн-А нь тэднийг дагуулан гарсан.  Келли “Би баларлаа л гэж бодсон. Ахиад ямар ч телевиз бидэнтэй холбогдохгүй байх” гэж бодсон тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Дээрх бичлэгийн дараа олон нийтийн зүгээс шүүмжлэх, тохуурхах, алиалсан хандлага хүчтэй илэрч байгаа. Харин Келли “Би шууд эфирт зориулж арын орчин болоод өөрийгөө ч сайтар бэлтгэсэн. Харин энэхүү үйл явдал миний өдөр бүрийн амьдралын хэсгийг олонд дэлгэсэн. Гэрээсээ ажилладаг эцэг эхчүүдэд ийм асуудал их тулгардаг” гэжээ.
Мөн тэрээр олон нийтийн дунд түгээд буй буруу ойлголтыг залруулсан юм. “Би охины хүчтэй түлхээгүй. Харин сандлын ард зогсоохыг л хүссэн. Учир нь манай өрөөнд тоглоом болоод ном байдаг. Тэдгээрт анхаарлыг нь хандуулахыг оролдсон” хэмээн тайлбарлажээ.
Роберт Келли нь АНУ-ын иргэн бөгөөд эхнэртэйгээ 2008 онд танилцжээ. Тэдний хооронд ямар нэгэн соёлын ялгаатай байдлаас үүдэлтэй асуудал гардаггүй. Харин тэдний хүүхдүүд ирээдүйд ялгаварлан гадуурхагдах вий хэмээн эмээдэг тухайгаа хэлсэн.
Роберт Келли яг энэ өрөөнөөсөө Солонгосын хойгийн асуудлаар олон жилийн турш ВВС телевизтэй хамтран ажилласан юм.
Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бүх үйл явдал санамсаргүй болсон бөгөөд ямар нэг мөнгө олох, нэр алдар олох гэсэн санаа байхгүй” хэмээн мэдэгджээ.

М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД