Уул уурхай

Бичил уурхайчдын том хувь нэмэр 2017-03-17 12:18

 
Улс орон хямарч, эдийн засгийг мөнгөжүүлэх төрөл бүрийн арга хэлэлцэж байна. Үүний нэг нь “Алт-2” хөтөлбөр гэж Засгийн газар үзлээ.  
 
Анхны алт хөтөлбөр 1990-иэд оны эдийн засгийн хүнд үед улсын төсөвт том тус болсон. Өнөөгийн засгийн газар 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлж, жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэх боломжтойгоос гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт оруулна гэж үзэж байна.
 
Тэгвэл “Алт-2” хөтөлбөрийг улам “гялалзуулж”, орлогын хэмжээг тооцоолсноос илүү нэмэх боломж бий. Энэ нь өмнө хууль бус бичил уурхай эрхлэгчид буюу “нинжа” гэж нэрлэж байсан, Засгийн газрын журам гарснаар “бичил уурхайчид” гэж нэрлэх болсон хувиараа ашигт малтмал олборлогчид /ХАМО/ юм.
 
Өнөөдөр бичил уурхайчдын олборлосон алтны ихэнх нь Монголбанканд тушаагдахгүй, чухам хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй гадагшаа гарч байна. Жилд олборлосон алтны хэмжээ 20 тонн байсан мөртөө тушаагдсан нь зөвхөн хоёр тонн байсан үе ч бий. 2014 онд ердөө 38 иргэн 245.6 кг алт Монгол банкинд тушаажээ дүн гарч байв. Гэтэл Монголд дор хаяж 60 мянга, ихээр бодоход 100 мянган хүн хувиараа ашигт малтмал олборлодог гэсэн албан бус тоо бий. Хэрэв хувиараа алт олборлогчдын бүх алтыг Монголбанк албан ёсоор худалдаж авдагсан бол энэ нь маш том алхам болно. Гэвч ингэж чаддаггүйн шалтгаан нь манай улсын алтны салбарын тогтолцоо өөрөө юм. Өөрөөр хэлбэл, бид бичил уурхайчдын алтны борлуулалтыг албажуулж чадаагүйд хамаг учир байна.
 
Олборлосон алтны гарал үүсэл нь тодорхой, ашигт малтмалын нөөц ашигласны татвар (AМНАТ) төлдөг, хүн амын орлогын албан татвар (ХАОАТ) төлдөг бол үүнийг алтны албан ёсны сүлжээ гэж дэлхийн жишигт үздэг.
 
Харин манайд хэд хэдэн зовлон бий. Иргэн олборлосон жаахан алтаа албан ёсоор Монголбанканд борлуулах гэвэл 2-3 хононо. Харин орон нутгийн ченжэд өгчихвөл тавхан минут ордог. Тэгээд ч алт өвөртлөөд хот руу явах нь ашиггүйгээс гадна амь насанд аюултай.
 
Бичил уурхай эрхлэгчид зах зээл дээр алтны үнэ ханш ямар байгаа талаар мэдээлэл хомс учраас доогуур үнээр ченжүүдэд өгчихдөг. Мэдээлэл хомсоос гадна ойлголт буруу. Тухайлбал Төвбанканд алт тушаахад 10 хувийн ХАОАТ төлдөг учир ямар ч ашиггүй гэсэн мэдээллийг ченжүүд тараадаг. Гэвч үнэндээ энэ 10 хувийг төлсөн хүн өдий хүртэл байхгүй. Түүнчлэн олсон алтаа бусдад итгээд хот руу дайх хүн тун цөөн.
 
Хоёрдугаарт, ихэнхи бичил уурхайчид хуулийн дагуу олгогдсон газаргүй тул хууль бус ХАМО болдог. Хууль бус учраас гарал үүсэл тодорхойлох боломжгүй. Мөн алтны салбарт ХАОАТ төлөх систем ойлгомжгүй, бүрэн цэгцрээгүй нь бичил уурхайчид алтаа албан хэлбэрээр борлуулахад саад болж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол банкинд тушаасан ч дэлхийн жишгээр албан бус борлуулалт болчихдог. 
 
Одоогийн байдлаар алтаа тушаасан бичил уурхайчаас 2.5 хувийн АМНАТ авдаг. Монголбанкаар дамжуулан алтаа экспортолж болох ч бичил уурхайчид ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул өндөр үнээр зах зээлд борлуулах зам хаалттай. Ингэхээр цорын ганц гарц нь ченжүүд болдог. Гэтэл нөгөө ченжүүд нь өөрсдөө албан бус учраас олборлосон алт Төвбанканд ирэлгүй сураг нь тасардаг. Иймээс нийлүүлэлтийн сүлжээгээр дамжиж буй алтны хэмжээг тогтоох бололцоогүй.
 
Бичил уурхайн хөгжлийн чиглэлээр Монголд олон жил ажиллаж буй Швейцарын хөгжлийн агентлагийн судлаачдын үзэж буйгаар асуудлыг шийдэхийн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Үүнд: нэгдүгээрт, бичил уурхайчдын үйл ажиллагааг бүрэн албажуулах, хоёрдугаарт, тэдний олборлосон алтны гарал үүслийг тодорхой болгох, гуравдугаарт, ХАОАТ-ыг нэг хувь болгох, дөрөвдүгээрт, алт борлуулах нэг цэгийн үйлчилгээг туршиж хөгжүүлэх гэсэн шийдлийг санал болгож байна.
 
“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бэлдэж буй энэ үед шийдвэр гаргагчид бичил уурхайн боломжийг эдийн засгаа сэргээхэд ашиглана гэж найдая. 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны03 сар / 17 22:07

Uhsenii bichil uurhaichin hulgaich nar bugd baasnuud