Ашигт малтмал

Ирэх 10 жилд алтны экспортыг 40 тоннд хүргэнэ 2017-03-17 18:37

“Mongolia gold-2017” чуулган өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Анх удаа зохиогдож буй тус чуулга уулзалтыг  Ашигт малтмал газрын, тосны газрын дарга Б.Баатарцогт, Алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Цогтгэрэл нар нээн үг хэлж, алтны салбарын өнөөгийн байдал хийгээд тэдний өмнө тулгарсан зорилтыг тодорхойллоо.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монголбанкинд 680 орчим сая ам.доллартай тэнцэх буюу 17.6 тонн алт тушааж улсын валютын нөөцийг нэмэгдүүлжээ. Одоогийн байдлаар уул уурхайн салбарт олборлолт, үйл ажиллагаа явуулж буй компаниудын 45 хувийг алтны компаниуд дангаараа эзэлдэг аж.
 
Энэхүү чуулганы зорилт нь Алтны салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, Алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох болон алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэхэд чиглэжээ.
 
Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40.0 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд экспортын орлого 2020 онд 1.8 тэрбум ам.доллар, 2025 онд 1.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэдгийг чуулганд илтгэл тавьсан Ашигт малтмал газрын, тосны газрын мэргэжилтэн хэллээ.  2015 оныхтой харьцуулахад алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар тус тус нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
 
Чуулганд оролцогчид алтны орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтад хэрэгцээтэй, эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байгааг онцолж байв. Мөн салбарын олборлолт, үйлдвэрлэл болон борлуулалттай холбоотой хууль эрх зүйн тогтвортой орчинг бий болговол хөрөнгө оруулалт нэмэгдэн, эрэл хайгуулын ажил эрчимжиж, алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөсний үр дүнд жилд олборлох алтны хэмжээ 20-47.7 тонн хүртэл нэмэгдэж, нийт 35.2 тонн алт олборлох тооцоо гарсан байна.
 
Түүнчлэн жилээс жилд алт олборлолт өсч, алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэмэгдэж байгаа аж. Алтны салбарт хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаад, дотоодын байгууллагууд ч олноор бий болж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа. Харин энэ хүрээнд Монгол улсын засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Алт-2 хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 оны хооронд хэрэгжүүлж байсан юм. Энэхүү хөтөлбөр амжилттэй хэрэгжвэл дотоодын эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс гарах нэг чухал хөшүүрэг болох боломжтойг онцоллоо.
Ингэснээр алтны олборлолтыг өсгөж, экспортоос нь эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.
А.Сэвжид
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД