Гадаад худалдаа

Д.Сумъяабазар: Япон-Монголын хэлэлцээрийг том “амбицтай” хэрэгжүүлнэ 2017-03-17 19:41

Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Business Breakfast” ажил хэрэгч цуврал уулзалтын 15 дахь уулзалт боллоо. Энэ удаагийн зочноор Монгол-Японы бизнесийн зөвлөлийн даргаар сонгогдоод удаагүй байгаа, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар уригдаж Монгол-Японы чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ярьж, бизнес эрхлэгчдийн асуултад хариулж, саналыг нь сонсов.
 
Тэрбээр эхлээд хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд эрх зүйн шинжтэй бэрхшээлүүд үүсэхээр байгаа учраас бизнес эрхлэгчдэд мэдээллийг сайн хүргэх хэрэгтэйг онцолж хэлсэн юм. Японы бизнесийн эрх зүйн орчинг сайн мэдэх хүн цөөн болохоор үл ойлголцол гарах магадлалтай. Түүнээс гадна, Монголын хууль тогтоомжуудад хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй заалтууд байдаг. Жишээ нь, 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим заалт Татварын ерөнхий хуулийн заалтуудтай зөрчилддөг. Энэ мэтээр судалгаа, мэдээллийн шинжтэй олон ажлыг цэгцэлсний үр дүнд чөлөөт худалдааны хэлэлцээр жинхэнэ ёсоороо хэрэгжих аж.
 
Удахгүй УИХ-ын дарга Япон улсад айлчилна. Уг айлчлалаар дээрх хэлэлцээртэй холбогдсон олон зүйлийг тодруулж, нэг мөр болгоно гэсэн хүлээлт төр, бизнесийн хүрээнд байна.
 
Монголын Засгийн газар тодорхой ажлууд хэрэгжүүлээд эхэлснийг Д.Сумъяабазар гишүүн дуулгалаа. Тухайлбал, саяхан Засгийн газар “Япон-Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан байна. Энэ ажлын хүрээнд Японоос ноос боловсруулах хоёр үйлдвэр оруулж ирэх хэлэлцээ хийж буй аж. Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн бөгөөд ирэх зунаас ажил эхэлнэ хэмээн тэрбээр ярилаа. Мөн энэ сарын 21-нд зөвлөлийн бүрэлдэхүүн Японы элчин сайдтай уулзахаас гадна ирэх долдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын уулзалтыг бизнес эрхлэгчдийг оролцуулан зохион байгуулах юм байна.
 
Энэ мэтээр чөлөөт худалдааны хэлэлцээрийг нэлээн эрчимтэй, “амбицтай” хэрэгжүүлнэ гэж тэр амаллаа.  
 
“Business Breakfast” уулзалтын өөр чухал сэдэв нь хөдөө аж ахуйн хоршоо, жижиг дунд үйлдвэр байв. Дэлхийн жишгээр бол ХАА-н хоршоо нь хамгийн баян байгууллагуудын нэг байдаг. Харин Монголд хоршооны хөгжил 20 гаруй жил яригдаж байгаа ч урагшаа ахисангүй. Үүний нэг том шалтгаан нь эрх зүйн орчин гэж Д.Сумъяабазар гишүүн үзлээ. Одоо хэрэгжиж буй Хоршооны тухай хууль нь цаг үеийн шаардлагаас хоцорсон. Шинэчлэх тухай есөн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч одоо хүртэл батлагдаагүй. Д.Сумъяабазар гишүүн нь Монголын хоршоологчдын нэгдсэн холбоог тэргүүлдгийн хувьд энэ хуулийг яаралтай батлуулна гэж бизнес эрхлэгчдэд амлав. Мөн ХАА-н хоршооны бие даасан хуулийг батлуулна гэдгээ ч хэлэв.
 
Уулзалтад асуулт тавьсан үйлдвэрлэгчид хоршоо болон жижиг, дунд үйлдвэрт татварын орчин болон банкны санхүүжилтын тогтолцоо том дарамт  болдгийг онцолж байлаа. Тодруулбал, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар нэр бүхий 17 хууль, түүний дотор татварын хуулиуд бизнес эрхлэгчдэд тээг болдог гэсэн дүн гарчээ.
 
Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид зөвхөн бэрхшээл ярьсангүй, тодорхой саналууд тавьж, амжилт туршлагаасаа хуваалцсан юм. Жишээ нь, “MCT” хэмээх шорлогны нүүрс үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүний зах зээлд амжилттай гаргаж, Японд экспортолж эхэлжээ. Түүнчлэн, монгол хонины ноосоор барилгын дулаалга хийдэг “Эко ноос” компанийхан үйлдвэрлэлээ эхлэхийн тулд 10 орчим жилийг судалгаанд зарцуулан япон технологи нэвтрүүлж, энэ жилээс Японд бүтээгдэхүүнээ экспортлох болсон байна. Харин одоо бусад компанийг хамтран ажиллахыг уриалж байна.
 
Японд төгссөн 1500 орчим хүнээс бүрдсэн төгсөгчдийн нийгэмлэгийг тэргүүлдэг бүсгүй хэлэлцээрийн хэрэгжилтэд энэ хүмүүсийн мэдлэгийг ашиглая гэсэн санал гаргав. Учир нь тэд япон хүмүүс, Японы удирдах, удирдуулах ёсыг илүү сайн мэднэ.
Гарааны компанийн захирал залуу судалгаанд их мөнгө зарцуулж, гадны аудитын байгууллагаар бүтээгдэхүүнээ шалгуулчихаад байхад Үйлдвэрлэлийг дэмжих сангийн тухай хуулинд заасан 75 хувийн нөхөн олголтоо өгөхгүй байна гэдгийг хэллээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан тус сан нь одоогоор УУХҮЯ-д харъяалагдаж байна.
 
Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны компанийн захирал эмэгтэй судалгааны байгууллага нь төсвийн ч биш, хувийн ч биш, хоёрдмол статустай учраас эдийн засгийн чадавх сул, судлаачид тогтохгүй байгаа талаар ярилаа.
 
Энэ мэт бизнесийн хүрээнд шийдлээ хүлээсэн олон асуудлыг хэлэлцсэн үр дүнтэй уулзалт боллоо.
 
Г.Даваадорж

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД