Эдийн засаг

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Эдийн засгийн хямралыг ч, авилгыг ч бид заавал ялах ёстой 2017-03-20 17:57

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Улсын Ерөнхий сайд томилогдоод найман сар, Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад долоон сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийсэн ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж дүгнэж байна хэмээн Ерөнхий сайд хэллээ. Ингээд түүний хэлсэн ширүүхэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна.

-Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.
 
-Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 
 
-2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа  өсөлттэй гарсан
 
-Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа.
 
-Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн  нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана.
 

-Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

 
-Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.
 
-Манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус,  хүнд үе нь дуусаагүй байна.
 
-Эдийн засгаа сэргээх,  эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ.
 
-Манай ахмадууд тэтгэврээ хүүтэй зээлэх биш, хүүгүйгээр урьдчилж авч болдог болсон.
 

-ОУВС монголчууд бидний хувьд шинэ ойлголт, шинэ нэр биш. ОУВС Монгол Улсын эртний сайн түнш.

 
-Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн  эдийн засгийн хямралын үед ОУВС манай улсад  “Стэнд бай” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дундаас Монгол Улс бараг ганцаараа эдийн засгийн 17  хувийн өсөлт үзүүлсэн.
 
-Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна. 
 
-Бидэнд баялаг нь байвч мөнгө, технологи байхгүй. Хожмын өдөр технологитой үлдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Хойч үе
мөнгөтэй болохын тулд технологи сурах учиртай. 
 
-Иргэдээ боловсролтой болгоход их мөнгө, өндөр технологитой болгоход үлэмж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй.
 
-Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.
 
-Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч  мэдэрч байна.
 

-Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

 
-Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй.
 
-Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. 
 
-Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. 
 
-Би дахиад хэлье. Эдийн засгийг сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныхан та бидэнд ирнэ.
 

-Аливаа улс орны хямралын эсрэг үндэсний  тэмцэл нь өөрийн үзэл сурталтай, чин эрмэлзэлтэй байж гэмээнэ сая амжилтад хүрдэг.

 
-Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай , ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг.
 
-Эдийн засгийн хямралыг ч, авилгыг ч бид заавал ялах ёстой.
 
-Ард түмэн маань тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг л хүсч байна.
 
А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД