Хүний хөгжил

Иргэддээ аз жаргал өгч чаддаггүй Засгийн газрын хэрэг юун! 2017-03-22 11:28

 
НҮБ-ын захиалгаар гаргасан дэлхийн улсуудын аз жаргалын рейтингэд Монгол Улс 101 байр эзэлжээ. Ер нь төрийн бодлогын үүднээс авч үзэхэд ард түмний аз жаргал гэж юу вэ? Манай Засгийн газар энэ асуултад хариулж чадах болов уу? Зарим улсын эрх баригчид аз жаргалын бүхэл бүтэн концепци боловсруулжээ. Ингээд уншигчиддаа Бутан, Энэтхэг, АНЭУ-ын Аз жаргалын яамд чухам юу хийдэг талаар сонирхуулъя.
 
Гималайн диваажин
Хагас зуун жилийн өмнө Бутаны хаан Кубын Гаван хотноо болсон Үл нэгдэх хөдөлгөөний чуулганд оролцоод буцаж явахдаа Энэтхэгт түр саатжээ. Гималайн нуруунд оршдог, саяхныг болтол сургууль, эмнэлэг, мөнгөн тэмдэгтийн аль аль нь байгаагүй энэхүү жижигхэн улсын тэргүүнтэй уулзаж эдийн засгийн төлөвлөгөөг нь сонсох гэж сэтгүүлчид шавлаа. Түүний хариулт ер бусын байлаа. Тэрбээр “Бутаны ДНБ ямар байх нь огтхон ч санаа зовох зүйл биш. Харин Дотоодын нийт аз жаргал ямар байх нь бидний анхаарах асуудал” гэж хэлжээ.
 
Энэ хоосон үг байсангүй. Бутан улсын хуулинд “Ард түмэндээ аз жаргал өгч чаддаггүй Засгийн газар ажиллахын хэрэг юун” гэсэн заалт бий. Бутанд 1972 оноос нийгмийн хөгжил, соёлын хадгалагдсан байдал, хүрээлэн буй орчны төлөв зэрэг 70 гаруй үзүүлэлтээс бүрдсэн Дотоодын нийт аз жаргалын индексийг хэрэглэдэг болжээ. Тухайлбал, уг индексээр иргэдийн чөлөөт цаг хангалттай байгаа эсэх, эсвэл уур хилэн, атаач сэтгэл зэрэг сэтгэл хөдлөлийн сөрөг хэлбэр хэр их тархсаныг судалж гаргадаг.
 
Бутаныг өнгөрсөндөө гацчихсан улс гэж үзэх нь бий. Саяхныг хүртэл иргэд хэдэн зуун жиийн өмнөх амьдралын хэв маягаар аж төрж ирсэн бөгөөд дэлхий ертөнцөд юу болж байгааг ч анзаараагүй. Анзаарах ч боломж байсангүй. Бутанчууд дөнгөж 1999 онд зурагт үзэх эрхтэй болжээ. Гэрэл цахилгаан урьдын адил ховор хэрэглээ хэвээр. Хүн амын 70 хувь нь гэрэлгүй. Гэсэн хэдий ч зовж байна гэж ярьдаггүй. Хамгийн сүүлийн санал асуулгаар хүн амын 91 хувь нь тодорхой хэмжээнд аз жаргалтай гэж хариулжээ. Тэдний ойлгодог аз жаргал биднийхээс өөр бололтой.
 
Мөнгөнд аз жаргал алга
Бутаны хааны үг ер бусын ч өөрийн логиктой. Эдийн засагчид, социологчид ч бас хөгжингүй эдийн засаг хүнд тэр болгон аз жаргал авчирдаггүйг анзаарчээ. Жишээ нь, Хятадад хүлээж байснаас эсрэг үзэгдэл газар авч байна. Тус улсын иргэд баяжих тусмаа амьдралдаа сэтгэл дундуур байна. Хятадын ДНБ 20 гаруй жилийн дотор тав дахин өссөн ч аз жаргалын дундаж үзүүлэлт 25 жилийн өмнөхөөс доогуур.
 
Үүнд гайхаад зүйлгүй хэмээн Нобелийн эдийн засгийн шагналт Жозеф Штиглиц үзэж байна. Учир нь эдийн засаг хөгжихийн хэрээр сөрөг үзэгдлүүд мундахгүй. Жишээ нь, авто замын түгжрээ.
 
Бутан улсын хувьд “Аз жаргал хангалуун амьдралаас чухал” гэсэн үзлийн хамгийн тод төлөөлөл юм. Гэхдээ сүүлийн үед бусад улс ч Бутанаас үлгэр авахыг хичээж байна. Тайландад Бутаны загвараар Дотоодын нийт аз жаргалын төв байгуулжээ. Венесуэлд Дээд аз жаргалын яам ажилладаг ч амжилт олохгүй байна. Эквадорт Сайн амьдралын Төрийн нарийн бичгийн дарга нарын газар гэж байдаг аж. Түүгээр барахгүй, АНУ-ын зарим мужид эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн зэрэгцээ иргэдийн аз жаргалыг хэмжих индекс ашигладаг болжээ.
 
Аз жаргалын арми
Өнгөрсөн жил Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн нэгэн дунд сургуулийн багш Суши Мишра гэгч аз жаргалын сайн дурынхны эгнээнд элсчээ. Бутанаас үлгэр авсан Засгийн газар Аз жаргалын яам байгуулжээ. Сайдынх нь хэлснээр, тус яам ганцаардмал хүмүүс олширч байгаа явдал, стрессдэх, амиа хорлоход хүргэдэг орчин үеийн амьдралын хортой үзэгдлүүдтэй тэмцэх ажил хийдэг.
 
Энэ ажилд гол хүч нь сайн дурынхан болж байна. Мадхья-Прадеш мужийн эрх баригчид төрийн албан хаагч, багш, эмч, гэрийн эзэгтэй нараас бүрдсэн 25 000 сайн дурынхныг цуглуулах төлөвлөгөөтэй байна. Тэд мужийн иргэдийг аз жаргалтай амьдрахад сургах учиртай. Суши Мишра эхний 100 сайн дураараа элсэгчийн нэг болж, сургууль, оюутны дотуур байр, төрийн байгууллагад сургалт хийжээ.
 
Энэтхэгийн Аз жаргалын яам сургалтаас гадна йог, бясалгал, урлаг, мөргөлтэй холбоотой 70 орчим хөтөлбөр хэрэгжүүлдэг.
 
Аз жаргалын араб хэмжүүр
Арабын нэгдсэн эмират улсын Аз жаргалын сайд Охуд бинт Халфан Аль-Руми “Засгийн газар хүмүүсийн аз жаргалд санаа тавихгүй бол өөр юу хийх вэ?” гэж хэлсэн нь Бутаны хааны үгийг давтав. Гэхдээ тус улсын иргэд аз жаргалтай амьдрахын тулд мөнгөнөөс татгалзах тухай боддоггүй.  Хоёуланг нь хослуулахаар баян улс.
 
Аз жаргалын яамнаас эмози дүрсийн тусламжтай хүмүүсийн сэтгэл санааны төлвийг харуулдаг тусгай төхөөрөмжийг төрийн байгууллагуудад суурилуулжээ. Түүнчлэн, сайдын санаачлагаар Абу-Даби хотын гудманд аз жаргалын эргүүлийн цагдаа ажиллах болжээ. Эргүүлийн цагдаа дүрэм зөрчөөгүй жолооч нарыг зогсоож гарын бэлэг өгдөг байна.
 
Сайдын ярьснаар, иргэд WhatsApp эсвэл утсаар гомдол мэдүүлдэг. Жишээ нь, нэг эмэгтэй сүйт залуу нь эцэг, эхэд таалагдахгүй байгаа учраас аз жаргалгүй байна гэж мэдээлжээ. Гэхдээ сайд хариуд нь “Эцэг, эхээ ятгах хэрэгтэй. Энэ бол чиний амьдрал. Мэдээж би тусламаар байгаа ч миний бүрэн эрх хүрэлцэхгүй” гэж хэлсэн байна.
 
Аз жаргалгүй Бутан
Бутаныг дуурайх нь хэр оновчтой вэ? Бутаны иргэд ч үүнд эргэлзэж байна. Шинэ хааны тэргүүн зөвлөх Доржи Вангчукийн үзэж буйгаар “Бутаны аз жаргал Барууны аз жаргалаас өөр”. Бутанчууд байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг. Шуналгүй амьдралын хэв маяг буддизмд үндэслэсэн соёлтой холбоотой.
 
Шинэ технологи, орчин үеийн ёс суртахуун энэхүү эмзэг дархлааг амархан эвдэх чадвартай. Эрүүлийг хамгаалах тогтолцоо сайжирч байгаа нь хүртэл Бутаны аз жаргалын индексэд сөргөөр нөлөөлж байна. Зурагт бүр ч муу нөлөөтэй. Иргэд хөрш Энэтхэг, Хятадад хүмүүс яаж амьдарч буйг зурагтаар харчихаад мөнгөгүй ч гэсэн тансаг зүйл хүсч эхэлнэ.
 
Түүнээс гадна, Дотоодын нийт аз жаргалын индекс өөрөө зөв эсэх нь эргэлзээтэй. 2017 оны дэлхийн аз жаргалын индексэд Бутан улс 155 орноос дөнгөж 97 дугаар байр эзэлжээ. Ингэснээр Африкийн Сомалиас ч аз жаргалгүй улс болов. Тэгэхээр иргэдийн аз жаргал гэж ер нь юу юм бол?
 
Г.Даваадорж
 
 
 
 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД