Ногоон эдийн засаг

“Маргааш” хэмээх тэсрэх бөмбөг 2017-03-22 16:44

“Удаашруулсан үйлдэлтэй тэсрэх бөмбөг” гэсэн ойлголтыг гол төлөв нийгмийн ухаанд ашигладаг. Өнгөц харахад онц аюулгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг ч нийгмийн амьдралыг далдуур хөнөөж байдгаараа гэнэт тэсэрдэг бөмбөгнөөс илүү хохирол авчирдаг.
Эдүгээ Монголын нийгэмд ийм бөмбөг маш олон. Тоолуур нь хэдийнэ гүйж эхэлсэн. Энэ бөмбөгний нэр бол бидний хэлэх дуртай “маргааш” гэдэг үг. Хоёр жилийн өмнө Оросын нэгэн бизнесмэнээс ярилцлага авч байхад тэр монголчуудын хэлдэг  “маргааш”, “зүгээр”, “сүртэй ш дээ” гэсэн гурван үгийг үзэн яддаг тухайгаа хэлсэн юм.
Одоогоос 20-иод жилийн өмнөөс л утааны аюулын талаар ярьж эхэлсэн ч өнөөдөр утаа хүн амын эрүүл мэндийг бөмбөгдөж эхлэв. Нийслэлд амьдардаг багачуудын цуснаас хүнд металл илэрсэн тухай түгшүүртэй мэдээллүүд гарч эхэллээ.
Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг олон жил хойшлуулсан. Одоо ч хэзээ баригдах нь тодорхойгүй байна. Нэг л өдөр тэр их бохир томоос том үмхий бөмбөг болж дэлбэрнэ.
 
Өнөөдөр гуравдугаар сарын 22. Баярлах ч өдөр, сэхээрэх ч өдөр. Жил бүрийн энэ өдөр усны асуудлыг сүр болгон яриад таг болдог. Харамсалтай нь ус бол нэг өдрийн бус хэдэн зуун жилийн хугацаанд яригдах ёстой сэдэв. Цаг хугацаа, байгалийн хууль биднийг хүлээхгүй. Эрдэмтдийн сануулж буйгаар одоогийн замбараагүй хэрэглээг зохицуулахгүй бол 2030 он гэхэд усны хомсдол хуурай бөмбөг болж хувирна.
 Энэтхэг. 
 
 
Усны урагшгүй бодлого
Манай улсын усны хачирхалтай хэрэглээг дараах хэдэн тоо илтгэнэ. Монголчууд газрын гүний цэвэр усаар хоол цайгаа чанахаас гадна машинаа угааж, бохироо зайлж, уул уурхайд тонн тонноор шороо угааж тансагладаг. Гэтэл үнэндээ манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 121-т ордог. Манай орны усны нөөцийн 5.6 хувь нь гол мөрний, 82 хувь нь нуурын, 10.4 хувь нь мөстөл, мөсөн голын ус. Үлдсэн хоёрхон хувийг газар доорхи ус эзэлдэг. Гэвч бид энэхүү хоёрхон хувиасаа нийт усныхаа хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг.
Хамгийн сүүлд 1981 онд Зөвлөлтийн эрдэмтэд Улаанбаатарын усны нөөцийг тогтоохдоо хоногт 320 мянган шоо метрийг хэрэглэж болно гэж хэлсэн. Өнөөдөр бид энэ тоонд тулчихаад байна. Гэвч цаашдаа нийслэлийн усны хэрэглээ улам ихэсч 2030-2035 он гэхэд Улаанбаатар хоногт 700 мянган шоо ус хэрэглэх шаардлагатай болно.  Усны энэ их хэрэгцээг Монголын усны нөөц даах чадалтай юу гэдэг маш эргэлзээтэй.
 
Усны салбарт хууль, дүрэм мундахгүй. Нийт 50 орчим хууль тогтоомжоос гадна “Ус” үндэсний хөтөлбөр, Голландтай хамтран боловсруулсан усны менежмент, төлөвлөгөө гэж байдаг. “Монгол Ус” ТӨҮГ, Ус сувгийн удирдах газар, БХБЯ, Усны үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний төв, сав газрын захиргаад, ГХЯ гээд устай холбоотой ажилладаг байгууллага ч олон. Тэр байтугай Батлан хамгаалах яам дээр хүртэл усны асуудал яригддаг. 2015 оны тооцоогоор байгаль орчны 800 орчим төрийн бус байгууллага байдгийн тэн хагас нь устай холбоотой.
2005 онд Засгийн Газраас ойрын ирээдүйд усны хэрэглээгээ газрын гүний болон гадаргын уснаас 50:50 гэсэн зарчмаар хангадаг болъё гэсэн шийдвэр гарсан ч амьдрал дээр биелсэнгүй.
 
Эх сурвалж: Усны үндэсний төв
 
 
Хар усыг харамлах цаг болсон
Усны хэрэглээг цэгцлэх шийдлүүдийг эрдэмтэн судлаач, дарга нар байтугай жирийн сэтгүүлч хүртэл хэдийнэ мэддэг болсон ч хэрэгжсэн нь үгүй. Усыг хэмнэлттэй хэрэглэх технологи хэдэн арваараа бий.
Усны үнийг нэмэх нь зайлшгүй гэдгийг ч төр засаг мэдэж байгаа. Усыг бодитоор үнэлдэг болбол ядаж жил бүр олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг усны аж ахуйн алдагдал багасч, хуучирсан шугамуудаа засах мөнгөтэй болно.
Дараагийн нэг арга нь саарал усыг ашиглах. Саарал усаар, барилгаа ч барьдаг, гурилаа ч зуурч болохуйц тийм өндөр түвшинд технологи хөгжсөн. Саарал усыг ашиглах технологийн цөөнгүй хувилбар байдаг ч барилгын зураг төсөл хийхдээ үүнийг тусгадаггүй хэвээр байна. Түүнчлэн цас, борооны усыг хуримтлуулж ашиглах арга ч бий.
Хэрэв улс орны оршин тогтнохуйн үндэс болсон усны асуудлаа шийдэхгүй бол бидний маргааш тийм ч удаан үргэлжлэхгүй
 
Г.Даваадорж

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД