Ногоон эдийн засаг

Байгаль нуур хүндээр өвчилсөн нь буюу үл мэдэгдэх замаг 2017-03-24 11:40

ОХУ-ын Сибирийн тойрогт орших Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны гол эх, аялал жуулчлалын гол цэг. Харин Байгаль нуур сүүлийн хэдэн жил нэг төрлийн замганд хучигдаад байгаа ажээ. Байгаль нуур Спирогира хэмээх замганд хучигдаад байгаа бөгөөд энэхүү замаг нь нуурын усны төвшин, цэнгэг байдалд нь сөргөөр нөлөөлж байгаа аж. Спирогира нь Байгаль нуурын эко-системд хамаардаггүй. Экологчид энэнхүү замгыг хог хаягдлаас үүдэлтэй хэмээн тодорхойлоод байгаа бөгөөд нуурын ойролцоо олноор баригдах болсон үйлдвэр, амралтын газрууд, хувийн онгоц зэргийг буруутнаар нэрлээд байна.

Одоогоор нуурын дийлэнх хэсэг энэхүү замагт хучигдаад буй бөгөөд нуурын баруун бие л цэнгэг хэвээр үлдсэн байна.
“Нуур ийм их замагтай байхыг өмнө нь харж байсангүй. Байгаль нуурын эргийн бүсийн 50 гаруй хувийг Спирогира хэдийнэ эзлээд байна” хэмээн Оросын шинжлэх ухааны академийн нуур судлалын институтын судлаач Олег Тимошкин хэлж байна. Тус институт нь Сибирийн бүсийн нууруудын ургамал, амьтны зүйлийг тусгайлан судалдаг.
Олег Тимошкин “Өнгөрсөн жилийн судалгаагаар Байгаль нууранд 1500 тонн ялзарсан замаг байна гэсэн дүн гарсан. Харамсалтай нь Байгаль нуур хүнд өвчилчихөөд байна. Маш хүндээр өвдсөн” гэв.
Байгаль нуур хосгүй тунгалаг байдаг нь байгаль нууранд олноор байдаг далайн нялцгай биетэн, далайн ёроолын ургамал /тухайлбал  lubomirskia baicalensis/ зэрэгтэй холбоотой бөгөөд эдгээр нь усыг шүүх үүрэг гүйцэтгэдэг байна. Харин спирогира нь энэхүү далайн бичил биетүүд өсөж, үржихэд сөргөөр нөлөөлж буй ажээ.
Гэхдээ Байгаль нууранд занал хийлэгчид спирогираар хязгаарлагдахгүй. Риа Новостид нэгэн мэргэжилтэн хэлэхдээ нуурын хэмжээ урьд байгаагүй буурсан. Хэвийн хэмжээ 465 метр байхаас 5 см-ээр буураад байгаа ажээ. Гурван сарын өмнөөс эрчимтэй буурсан байна.
Байгаль нуур нь ОХУ-ын Буриадын БНУ-ын нутагт байдаг. Орон нутгийнхан Байгаль нуурын усыг хамгаалах ажилд ороод байгаа гэнэ. Усны хэмжээ буурах нь нуурын эко-системд ноцтой аюул учруулахаас гадна 30 мянга гаруй оршин суугч ундны усны гачигдалд орох аюултай байдалд ороод байна.  
Экологчид нуурын усыг ашиглаж буй цахилгаан станцуудыг буруутгаж буй. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын судлаач Эндон Гармаев Росбалт мэдээллийн агентлагт өгсөн мэдээлэлдээ “Дөрвөөс тавдугаар сарын хооронд усан цахилгаан станцууд нуураас их хэмжээний ус сорж авдаг” гээд цааш нь ярихдаа “Энэхүү үйл ажиллагаа зуны саруудад үргэлжилдэг. Усан цахилгаан станц хамгийн хямдаар эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд ойролцоох хотын  /Эрхүү/ эрчим хүчний компаниуд л ашиг олдог” хэмээн мэдэгджээ.
Харин Эрхүүгийн мэргэжилтэн “энэ бүхэн байгаль нуурын эко-системд аюул учруулахгүй. Нуурын усны төвшин буурсан нь байгалийн үйл явц бөгөөд бороо оролгүй удсантай холбоотой” хэмээн тайлбарладаг.
Байгаль нуур нь дэлхийн цэнгэг устай нууруудаас хамгийн хөгшин нь бөгөөд нуурын насыг 25 сая жил хэмээн тооцдог. Дэлхийн цэнгэг усны тавны нэгийг эзэлдэг. Байгаль нуур нь 1996 онд дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн бөгөөд ЮНЕСКО-ын зүгээс хамгаалахыг хүчтэй шаардаж байгаа юм.
Эх сурвалж: RT question more
 
Орчуулсан: М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД