Улс төр

Улсын тэргүүн охид 2017-03-25 11:34

Трампын охин Иванка Цагаан ордонд өөрийн өрөө гаргуулж, Америкийн “тэргүүн охин” болоод удаагүй байна. Хэдийгээр 35 настай Иванкад ямар ч албан тушаал, цалин байхгүй ч тэр аавынхаа “нүд, чих” нь болох учиртай. Ийнхүү ерөнхийлөгчдийн нөлөөтэй охидын эгнээ нэгээр нэмэгдэв.

Зальтай пиарчин

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифын охин Марьям Наваз Шариф 43 настай. Эхэндээ гэр бүлийн сайн үйлсийн санг ахалж байсан ч хожим нь эцгээ 2013 онд дахин сонгуулахад кампанит ажилд нь гол үүрэгтэй ажиллажээ. Тэр одоо “Наваз” буюу “Пакистаны мусульман лиг” намд ажилладаг. Пакистан дахь ВВС-гийн сурвалжлагчийн хэлснээр Марьям нь байнга анхаарлын төвд байдаг, эрх мэдэлтэй, эцгийнхээ улс төрийн залгамжлагч болохыг ч үгүйсгэхгүй аж.

Өнгөрсөн жил түүний нэр Панамын оффшорын хэрэгтэй холбоотой баримт бичигт гарч ирсэн нь түүнийг хоёр ахын хамтаар оффшор данстай, мөнгөөрөө Лондонд тансаг байшин худалдаж авдаг гэсэн сэжиг төрүүлжээ.

Гэвч эцэг нь уг мэдээллийг гэр бүлийнх нь эсрэг чиглэсэн хүмүүсийн явуулга гэж үзжээ. Энэ хэргийг Пакистаны Дээд шүүх судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэр гаргана.

Зөвхөн рок-н-ролл ч биш ...

Оросын ерөнхийлөгч Путин гэр бүлийн амьдралаа олны нүднээс нуудаг. Саяхныг болтол түүнийг хоёр охинтой гэж хүмүүс мэдээгүй байлаа.

Ерөнхийлөгчийн гэр бүлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултыг Оросын эрх баригчид их болгоомжтой хүлээж авдаг. Заримдаа сэтгүүлчид багагүй эрэл хайгуул хийдэг ч албан ёсоор мэдээллээ баталгаажуулж чаддаггүй.

2015 онд Путины бага охин Путина Екатерина нь Катерина Тихонова нэрээр Москвад амьдардаг нь тодорхой болов. Удалгүй аавынхаа эртний найзын хүү, бизнесмен Кирилл Шамаловтай гэр бүл болсон, тэдний газрын тосны салбар дахь хувийн хөрөнгө нь хоёр тэрбум ам.доллар гэдгийг хэвлэлийнхэн мэджээ.

Одоо 30 настай Екатерина Москвагийн их сургуулийн дэргэдэд “Үндэсний оюуны хөгжил” нэртэй олон нийтийн санхүүжилттай санг толгойлж байна.

Тэрбээр рок-н-ролл, уран гимнастик хосолсон төрлөөр хичээллэдэг бөгөөд 2013 онд Швейцарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлжээ.

Африкийн хамгийн баян эмэгтэй

Ангол улсыг 1979 оноос удирдаж буй Жозе Эдуарду душ Сантушийн охин Изабель душ Сантуш нь 43 настай. Изабель газрын тосны төрийн өмчит “Sonangol” компанийн захирал бөгөөд Forbes-ийн 2013 оны рейтингээр Африкийн хамгийн баян эмэгтэй, анхны тэрбумтан эмэгтэйгээр тодорчээ. Түүний хувийн хөрөнгө 3,2 тэрбум ам.доллар.  

Англид боловсрол эзэмшсэн Изабель санхүү, телевиз, алмаазын салбарт хөрөнгөтэй нь түүнийг Анголын хамгийн нөлөөтэй бизнес эрхлэгчдийн эгнээнд оруулжээ. Түүнчлэн, Португали улсын эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбарт хувьцаа эзэмшдэг аж.

“Transparency International” байгууллага Анголыг ил тод байдлын үзүүлэлтээр хамгийн сүүлийн байруудад оруулдаг бөгөөд Изабель эцгийнхээ нөлөөг ашиглаж баяжсан гэж үздэг. Харин өөрөө 20 жилийн уйгагүй хөдөлмөрөөр энэ өндөрлөгт хүрсэн гэж 2015 онд ВВС-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Эрдоганы янзагахан”

Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы отгон охин Сумейя Эрдоган 31 настай. Эцэг нь түүнийг “миний цагаан зээр” гэдэг аж. Туркууд хайртай хүмүүсээ ингэж өхөөрддөг бөгөөд монголчилбол “миний янзагахан” гэсэн утгатай дүйнэ.

Англи, Америкт улс төр судлаач мэргэжил эзэмшсэн Сумейя эцгийгээ одоогийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг толгойлж байхад зөвлөхөөр нь ажиллаж, дипломат ажилд нь дагалддаг байжээ.

2015 онд түүнийг парламентад нэр дэвших цуурхал тарсан ч нэр дэвшээгүй. Одоо тэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагад ажилладаг. Эцгийнхээ улс төрийн бодлогыг идэвхитэй дэмждэг.

Тамгын газрын дарга, Сенатын гишүүн

Тажикстан улсыг 1994 оноос удирдаж буй Эмомали Рахмоны охин Озода Рахмон 39 настай. Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, дипломатч мэргэжилтэй. 2009 онд Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч, 2016 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар сонгогджээ. Түүнчлэн Парламентын дээд танхимын гишүүн.

Озодын нөхөр Жамолиддин Нуралиев нь Тажикстаны Үндэсний банкны орлогч захирал. Тэд таван хүүхэдтэй.

Ерөнхийлөгч Рахмоны есөн хүүхдээс Засгийн газарт ажилладаг нь ганцхан Озода биш. Түүний ах Рустам нь Душанбе хотын дарга, дүү Рукшона нь Гадаад яаманд ажилладаг.

Бусад хамаатнууд нь ч бас төр, бизнесийн салбарт удирдах алба хашдаг нь Рахмоны гэр бүлийг Тажикстанд хамгийн нөлөөтэй, баян болгож байна.

Хүйсийн цөөнхийн эрхийг хамгаалагч

Кубын ерөнхийлөгч Раул Кастрогийн охин, хувьсгалч Фидель Кастрогийн ач Мариэла Кастро. Түүний ээж Вильма Эспин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байсан учраас охин нь ээжийнхээ ажлыг өвлөжээ.

Мариэла нь 1962 онд төрсөн бөгөөд парламентын гишүүн, хүйсийн цөөнхийн эрхийг хамгаалагч юм. Тэрбээр сексийн хүмүүжил олгодог, Засгийн газраас санхүүждэг, ДОХ, ХДХВ, ижил хүйстнүүдийн асуудалд гол үүрэгтэй ажилладаг “Cenesex” үндэсний төвийн захирал юм. Мариэла нь 2008 онд Куб улсад хүйс солих мэс заслыг үнэгүй хийдэг хууль батлахад гол нөлөө үзүүлжээ.

Г.Даваадорж

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД