Хүний хөгжил

М.Энхболд: Бид 2030 онд ядуурлыг эцэс болгох зорилт дэвшүүлсэн 2017-04-03 12:00

Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 136-р чуулган Бангладешийн нийслэл Дака хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд дэлхийн 53 орны парламентын тэргүүн, 40 орны парламентын орлогч дарга, түүний дотор 209 эмэгтэй парламентч, нийт 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид тус чуулганд оролцож буй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд, Н.Амарзаяа Эмэгтэй парламентчдын, Н.Номтойбаяр Залуу парламентчдын чуулганд нь оролцов. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалан “Тэгш бус байдлыг арилгах нь: Нийт хүн амыг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь” нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэллээ.
 
Тэрбээр “Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, 38.7 хувьтай байсан ядуурлын түвшинг 21.6 хүртэл бууруулсан. Улмаар 2020 онд 18 хувьд, 2025 онд нэг оронтой тоонд хүргэж, 2030 онд ядуурлыг эцэс болгох томоохон зорилт дэвшүүлсэн юм. дуурлыг эцэс болгоход бичил, жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжих нь ихээхэн чухал тул жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, зарим төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг 1.0 хувь болгох хуулийг саяхан гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
 
2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дорвитой багасч, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтах өөдрөг ирээдүйг бид төсөөлж байна” гэж хэллээ.
 
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаанаас харахад үндэсний парламентад эмэгтэйчүүдийн эзлэх дэлхийн дундаж хувь 23.3, Засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэй сайд нарын хувь 18.3 байна.
   
Манай улсын хувьд, 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын 59.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17.1, Засгийн газрын бүрэлдэхүүнд 12.5 хувь байна. Иймд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангах нь бидний зорилго, тэмүүлэл байсаар байх болно” хэмээн хэллээ.

А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД