Нийгэм

Зул

Дайны баатрууд цөөрсөөр 2017-04-03 19:55

 
Халх голын 1945 оны чөлөөлөх дайнд гар бие оролцож, эх орноо халуун цусаараа хамгаалж явсан ахмад дайчид цөөрсөөр л. Тэдний нэг С.Батсүх гуайтай өнгөрсөн жилийн өдийд ярилцлага хийж, бид дайн дажин, эх орон, эр цэрэг зэрэг олон сэдвээр хөөрөлдөж билээ. Харин энэхүү ярилцлагын эзэн маань бурхны орноо оджээ.
 
90 нас. Сайхан насласан энэ ахмад бууралд эх орныхоо төлөө хийсэн гавьяа олон. Монгол орон даяар өрнөж байсан ард иргэдийг бичиг үсэгт тайлах соёлын арга хэмжээнд тэргүүн эгнээнд явж, олон аавын хүүхдэд А үсэг зааж явсан багш. Мөн төмөр замын холбооны инженерээр ажиллаж, бас өнөөгийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын үндэс суурийг тавилцаж, удирдлагаар нь ажиллаж байсан юм. 
 
Түүний хамгийн том гавьяа бол Халхын голд байлдаж явсан мөч. “Тэр үед би Нисэх дивизэд цэргийн алба хааж байсан. Манай дивиз Шувуун фабрикт байрладаг, дайрагч, сөнөөгч, бөмбөгдөгч гэсэн гурван төрлийн онгоцтой. Сөнөөгч нь онгоцыг агаарт сөнөөх, дайрагч нь газрын цэргийн хүчийг агаараас бөмбөгдөж, бууддаг. Би дайрагч онгоцны буудагч учраас нисгэгчийн яг ард сууна. 150 сумтай пулёмот бол миний гол зэвсэг” хэмээн С.Батсүх гуай ярьсан юм.
 
Бид тэднээр бахархах ёстой. Олон мянган аавын хүүгийн цус урсгасан их хүч, сэтгэлээр өнөөгийн эх орон минь бидэнд ирсэн гэдгийг үеийн үед мартаж болохгүй, үеийн үед ч хэлж ярьж, таниулж, ойлгуулж явах ёстой.
 
Манай “Mongolian Economy” сэтгүүл өнгөрсөн жилийн 12 дугаард сард Монгол-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан сэтгүүлийн тусгай дугаар хийхдээ Москва хотноо очиж, Халхын голд байлдаж явсан гурван ахмад орос дайчидтай уулзаж ярилцсан юм. 3-уулаа өндөр настай. Биднийг очиход нэг нь сэхээнд орсон байсан бол нэг нь эмнэлэгт хэвтэж байсан юм. Бид 95-100 настай хоёр ахмадтай ярилцаж, бодит түүхийн гэрчүүдээс ярилцлага авч, архивлан авсандаа баяртай байдаг. Хорин хэдхэн настай орос залуус Монгол оронд байлдаж явснаа сэтгэл хөдөлгөм ярьж, Халхын голын орчмын уул усны нэрийг тодхон санаж байсан юм. Монгол, Оросын залуус нэгэн сэтгэлээр дайсны эсрэг тэмцэж, чөлөөлөх дайнд ялалт байгуулж явсныг сонсоход үнэнхүү бахархал төрнө.
 
“Эх орны тусгаар тогтнолын төлөө дайнд оролцох тушаал хүлээж авна гэдэг бол эр хүний бахархдаг зүйл. Дайсныг дарж, дархан цолоо мандуулна гээд л их баярлаж явлаа. Эр хүн эх орныхоо төлөө цэргийн албах хаах, дайнд мордох бол сайхан шүү дээ” хэмээн ярьсан С.Батсүх буурлын үгийг өнөөгийн залуусд дахин дахин хэлмээр санагдах.
“Дайснаа дарж, дархан цолоо мандуулна гээд л баярлаж явлаа” гарчигтай ярилцлагаараа тэрбээр өнөө болон ирээдүй үеийнхэнд эх орны үнэ цэн, монгол эр хүний мөн чанарыг энгийн үгээр ярьж, ойлгуулж үлдээн чадсан юм. Мөн олон мянган залуусын амь насаа алдан байж олж ирсэн тусгаар тогтнолыг өнөөгийн нам, засгийнхан хэрхэн удирдан чиглүүлж байгаад сэтгэл дундуур буйгаа ч хэлсэн билээ.
 
“Ардчилсан систем удирдлагаасаа маш их чадвар, мэдлэг, соёл шаарддаг. Удирдлага хэчнээн өргөн мэдлэг, соёлтой байна ард иргэд үлгэрлэн дуурайж явдаг тогтолцоо юм. Харин өнөөдрийн удирдлага энэ талд их дутагдалтай харагддаг. Ер нь хувийн хэвшлийнхэн л улсаа хөгжүүлж байна. Мэдлэгтэй, чадвартай нь хувийн хэвшил рүү явж, юм хийж бүтээхийг бодож байна. Хувийн хэвшлээ түших нь зүйтэй. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, аймаг орон нутгаа дорвитой хөгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой байгаа юм. Ярих биш хийх хэрэгтэй. Уг нь эхлээд аймаг орон нутгийг бүсчилэн хөгжүүлнэ гэчихээд одоо болохоор аймаг бүрийг хөгжүүлэх гээд ч байгаа юм шиг. Хөгжлийн тодорхой чиг байхгүй л байгаа юм болов уу” хэмээн ярьсан.
 
Ахмад дайчин маань долоон хүүхэдтэй, ач, зээ нийлээд 60 хол давсан өнөр бүлийг бий болгожээ. Хүүхдүүд нь бүгд улс орондоо хэрэгтэй, боловсрол мэдлэгтэй хүмүүс болсон. Тэдний нэг нь Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж. Ахмад дайчны хүү нь өнөөдөр “ Аав минь жинхэнэ эр хүн байсан юм” хэмээн твиттерт жиргэжээ.
 
“Эх орныг мөнгө төгрөгөөр бус үзэл бодлоор хэмждэг зүйл” гэж С.Батсүх ахмад хэлсэн юм. Тусгаар байх боломжийг олгосон эх орны дайчид маань өөрсдийн амь насаа үл хайрлан дайсны исгэрэх сумтай тэмцэн байж олж авсан газар шороондоо өнөд мөнх нойрсохоор одоцгоож байна. Тэд улам л цөөрсөөр.
 
Ум сайн амгалан болтугай.
 
 
Жич: С.Батсүх гуайн ярилцлагыг энэ линкээр www.mongolianeconomy.mn/mn/w/8907 уншина уу.
 
Д.Бэхээ
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД