Ертөнц

Хулгайлагдсан “динозавр” Монголдоо ирэх үү? 2017-04-14 11:18

Өнгөрөгч ням гаригт Солонгосын дээд прокуророос Монгол Улсаас хулгайлагдсан үлэг гүрвэлийн 11 олдворыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх болсныг мэдэгдлээ. Үүний хариуд Монгол Улсын Засгийн газар үзмэрүүдийг Солонгос улсад зээлдүүлэх, олон нийтэд дэлгэх мөн хоёр улсын засгийн газрын холбогдох ажилтнууд хамтран судлах ажил гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна.
Эдгээр олдворын дунд 70 сая жилийн тэртээд Ази тивд нутаглах болсон махан идэшт Тарбозаврын гавлын болоод хавирганы яс байгаа юм. Тарбозавр нь зөвхөн Монголын говиос л олддог. Солонгосын соёлын өвийн судалгааны үндэсний институт эдгээр олдворуудын шинжлэх ухааны ач холбогдолыг өндрөөр үнэлж байгаа ажээ.
Эдгээр олдворыг монголчууд өөрсдөө говиос малтаж, Хятад улс руу хууль бусаар гаргасан байна. Ингэхдээ олдворуудыг хэд хэдэн хайрцганд савлан, гаалийн ажилтнуудад майхан хэмээн итгүүлж хил давуулжээ.
 
Олдворууд Солонгос улсад 2014 оны гуравдугаар сард орж ирсэн бөгөөд солонгосын хууль бус наймаачид 411000 ам.доллар /467 сая вон/-аар худалдан авчээ. Гэвч хууль бус наймаачид эзэмшлийн асуудлаар маргалдан улмаар 2015 оны хоёрдугаар сард шүүхэд хандсан байна.
Улмаар Солонгосын шүүх олдворуудыг хураан авч, монголын талын судлаачид болоод мөрдөгчидтэй хамтран ажиллаж эхэлжээ. Олдворууд монголын говиос олдсон гэдэг нь тогтоогдсон бөгөөд шүүхээс монголын талд буцаах шийдвэр гаргасан.
Энэ нь Солонгос улс анх удаа хууль бусаар олборлогдсон соёлын өвийг тухайн улсад буцаасан тохиолдол болж байгаа ажээ.
 
 
Эх сурвалж: The Korean Times

Сэтгүүлч: М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД