Ертөнц

Казах “стан”-аасаа уйдав уу 2017-04-14 17:52

Казахстаны ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев жуулчид болоод хөрөнгө оруулагчдыг татахын тулд улсынхаа нэрийг “Казах Эли” хэмээн өөрчлөх санал дэвшүүлээд байна. Назарбаев өнгөрөгч мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ “Манай улсын нэр Азийн бусад улсуудын адилаар стан-аар төгсдөг. Монгол улс хоёрхон сая хүнтэй. Гэсэн атал жуулчдыг татсаар байна. Гэхдээ нэрээ өөрчлөх энэхүү асуудал цаг хугацаа шаардах болно. Ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст шийднэ” хэмээн мэдэгджээ.
Гэхдээ хэрэв тус улс богино хугацаанд санхүүгийн ашиг олох зорилгоор нэрээ өөрчилж байгаа бол арай өөрөөр хөдлөх байсан. Тухайлбал, Монгол Улстай ашигт малтмалын салбарт өрсөлдөхөөр төлөвлөсөн бол Монголоос хэд дахин уудам, хүний гар хүрээгүй газар нутагтаа хайгуул хийхэд л болох байсан. Цаад учир нь чухам юу байв.
Казахстан гэдэг үг нь “казахуудын нутаг” гэсэн утга илэрхийлнэ. Харин казах эли гэдэг нь “Казахуудын улс” гэсэн утгатай ажээ. Стан залгаврыг халснаар гадны жуулчид болоод хөрөнгө оруулагчдад “муу нэртэй” Афганистан, Пакистан зэргээс ялгарна гэж үзсэн бололтой. Зөвхөн маркетингийн зорилгоор улсынхаа нэрийг өөрчлөх нь тэнэг хэрэг. Харин Казахын дотор орших угсаатны зүйн бүтэцтэй холбон тайлбарлах хэсэг байна. Тус улсын хүн амын 63 хувь нь Казах үндэстэн, 24 хувь нь Орос, үлдсэн хэсгийг төв Азийн бусад ястан, мөн Европын Польшууд бүрдүүлдэг. Мөн дэлхийн хоёрдугаар дайны олзлогдсод болох Герман цэргүүдийн үр хойч ч бий. Ийм олон ястнаас бүрдсэн улс тул өнөөгийн “Казахуудын газар нутаг” гэсэн утгатай нэр таарахгүй, хэт нэг талыг барьсан гэж үзсэн бололтой.
Олон ястнаас бүрдсэн улсууд дотоодын хямрал, самуун гарахаас сэргийлж, үндэстний эв нэгдлийг сахих зорилгоор голлох ястны нэрийг бусдад нь хамруулсан нэрээр улсаа нэрлэх жишиг бий. Тухайлбал, нэгэн цагт Тайланд улсыг Сиам хэмээн нэрлэдэг байсан. Мөн л олон ястан суурьшдаг тул ийнхүү нэрээ өөрчилж хүн амын олонх болох Тай үндэстний нэрээр нэрлэсэн. Бирм гэдэг улс нэрээ өөрчилснөөр өнөөгийн Мяньмар болсон зэрэг жишээ дурьдаж болно.
Үүнээс гадна Казахстан улс нэрээ өөрчлөх болсон шалтгаан Казахын эртний нийгмийн зохион байгуулалттай ч холбоотой байж болох. Эртнээс нийгмээ ажил үүргээр нь ахмад, дунд, бага хэмээн ангилж ирсэн  жуз хэмээх ойлголт нь шинэчлэлд тэмүүлж буй тус улсын шаардлагад нийцэхгүй болсон ч байж мэдэх.
Үүнээс гадна Назарбаев ерөнхийлөгчийн энэ долоо хоногт гаргасан удаах шийдвэр ч олон улсын сонирхлыг татаад буй. Энэ нь албан ёсны бичиг болох крилл бичгийг халах явдал байв. Тус улс 1929 оноос эхлэн крилл бичиг хэрэглэж эхэлсэн. Казахстан улс тухайн үеийн ЗХУ-ын шахалтаар бичиг үсгээ сольжээ. Харин Назарбаев крилл үсгийг латин цагаан толгойгоор солих шийдвэр гаргасан нь нэг талаар соёлын реформ хийж буй мэтээр харагдавч нөгөөтэйгүүр Орос улстай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч ерөнхийлөгч Назарбаев улсдаа хэд хэдэн шинэчлэл хийх хүсэлт гаргаад буй. Харин ажил хэрэг болох эсэхийг цаг хугацаа л харуулах нь.

 

Бичсэн: М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД