Хөдөө аж ахуй

Ц.Болорчулуун: Тариаланчдад 3000-5000 тонн бордоо олгоно 2017-04-17 20:29

Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017 өнгөрсөн баасан гарагт Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд болсон юм. Жил бүр бүсчлэн тогтмол зохион байгуулж ирсэн уг зөвлөгөөн энэ жил Улаанбаатар хотноо нэгджээ.

ХХААХҮЯ газар тариалангийн бодлогоо тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгуулсан учир энэ жил аж ахуйн нэгжүүдтэйгээ зөвшилцөх, зөвлөх зүйл их байсан аж. Салбарын бодлогыг “үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад” чиглүүлсэн юм. Товчхондоо, улирлын чанартай орлого олдгоо больж, жилийн дөрвөн улирлын турш хөдөлмөрийн үр шимээ хүртдэг болохын төлөө ажиллах юм. 
 
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн нийт 500 гаруй тариаланч оролцож 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцсон юм.

Одоо нэг их удахгүй тариалалт эхлэх гэж байна. Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас 50.2 мянган тонн нь бүрдчихээд буй аж. 2017 онд улсын хэмжээгээр 362.1 мянган га-д улаанбуудайтарьж 477.6 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвлөгөөтэй байна.

Мөн 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилт дэвшүүлжээ.

Энэ жил тариалалтад 7.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гарсан бөгөөд тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэл хангаж буй аж.  

Түүнчлэн Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын ЭКЗИМ банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая ам.долларын зээл авахаар уулзалт, яриа хэлцэл хийж байгаа юм байна.

Атрын III аян хэрэгжсэнээр Монгол Улс буудай, төмсний хэрэглээгээ бүрэн хангаад байх боломжтой болсон. Гэвч хүнсний ногооны хувьд эх орны ургац тийм ч хангалттай хурааж чадахгүй байгаа юм. ХХААХҮЯ-наас ойрын хугацаанд буудай, төмснөөс гадна гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангаж, даатгалын тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьжээ.

Ингээд зөвлөгөөний үеэр тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас дараах зүйлийг тодруулсан юм.

-Энэ жилийн тариаланчдын зөвлөгөөнөөр голчлон ямар зөвлөмж түлхүү өгч байна вэ?

-Жил бүр тариаланчдын улсын зөвлөгөөнийг орон нутагт бүсчилж хийдэг. Энэ жилийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөр байгуулагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотод нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнөөр ерөнхийдөө тариалалтын болон ургац хураалтын үеийн цаг агаарын талаар мэдээлэл өгдөг. Үүнтэй холбоотойгоор тухайн жил ямар технологи баримтлах хэрэгтэй талаар ерөнхий зөвлөмж өгдөг. Энэ жилийн онцлог бол энэ жил нэлээд дэлгэрүүлж байна. Тухайлбал, үр сортоо болон техникээ яаж сонгох, ургамал хамгааллын бус бордооны хэрэглээг яаж төлөвшүүлэх  гэх мэтчилэн  нарийвчилсан зөвлөмжүүд өгч байгаа.

Энэ жилийн 6-7 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хална гэсэн мэдээлэл өгч байна. Үүнтэй холбоотойгоор Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгээс тариалалтаа урд өмнөх жилүүдийг бодвол 3-5 хоног хойшлуулах технологийн зөвлөмж өгч байна.

-Засгийн газраас Атрын аянг үргэлжлүүлэхээр болсон. Аяны төгсгөлд Монгол Улс ямар амжилтад хүрэх вэ?

-Монгол Улс өнөөдөр улаанбуудай, төмсний хувьд дотоодын хэрэгцээг тогтвортой хангаж байгаа. Гэтэл хүнсний ногооны хангамж 50 гаруй хувьтай байна. Үүнийг 100 хувь хүргэхээр зорилт тавьж тусад нь хөтөлбөр боловсруулж байгаа. Дээрээс нь жимс, жимсгэнийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, импортыг бууруулах зорилгоор жимс, жимсгэнийн хөтөлбөр бас боловсруулж байна.

-Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг хангахад нэг тулгамддаг асуудал нь хадгалалт байдаг. Зоорины асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

-Хүнсний ногоогоор дотоодын хэрэглээг хангахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт үрийн хүрэлцээ. Энэ асуудлаар Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” болон бусад төсөлтэй хамтран ажиллаж байна. Дараа нь борлуулалтын асуудал. Борлуулалтын тогтолцоо төдийлөн сайн бүрдээгүй. Хамгийн гол нь зоорины хүрэлцээ. Бид дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг л хадгалж нөөцлөх хэмжээний зоорьтой. Тэгэхдээ зарим газраа  хэт төвлөрснөөс болоод томоохон аж ахуйн нэгжүүдийн зоорь бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа тал бий. Ер нь үйлдвэрлэгч талд буюу хөдөө орон нутагт зоорь, агуулах дутмаг байгаа учраас намар ургац хурааж авмагцаа 30-40 хувийг нь борлуулчихаж байгаа юм.

Тиймээс зоорь агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд гаднын зээл тусламжаар барьж байгуулах бодлого барьж ажиллаж байгаа. Хүнсний ногоо хөтөлбөрт ч гэсэн улсаас тодорхой хэмжээнд зоорь агуулах шийдвэрлэхээр мөнгө төсөвлөсөн. Тийм учраас ирэх жилээс шийдэгдээд явах асуудал гэж ойлгож болно.

-Өнөөдөр хөрсний чанарын асуудлыг хөндөж байна. Тариаланчид маань хөрсөө бордохдоо жаахан хойрго юм аа даа. Энэ асуудлаар ямар бодлого барьж байна?

-Атрын III аянаар улсын төсвөөс хөрөнгө гаргаж нийт 900 орчим мянган га талбайд хөрсний шинжилгээ хийлгэсэн. Судалгаагаар нийт хөрсний 60 гаруй хувь нь эвдрэл гэмтэл, доройтолтой гэсэн дүгнэлт хийсэн.

Ингээд таван жил тутамд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр эзэмшиж байгаа талбайнхаа агрохимийн шинжилгээг хийлгэж байхаар Тариалангийн тухай хуульд тусгаж өгсөн. Энэ жилээс бид шаардаж байна. Үүнд үндэслэж цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж, тохирох бордоогоо хэрэглээд явах нь зүйтэй.

Сүүлийн жилүүдэд яамнаас бордооны хэрэглээнд ихэд анхаарч, нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил гэхэд 8000 тонн бордоог тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгосон байгаа. Энэ жил ч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас  3000-5000 тонн бордоо олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Сүүлийн жилүүдэд бордоог төдийлөн хэрэглээгүй, хөрсний үржил шимд сайн анхаараагүйгээс авч байгаа ургацын хэмжээ ч нэмэгдэхгүй байгаа учраас тариаланчид өөрсдөө ч хөрсөндөө юм өгч байж буцааж авдаг юм байна гэдгийг ерөнхийд нь ойлгох болсон. Тиймдээ ч аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа.

-Монгол Улс бордоогоо бараг бүгдийг нь импортоор авдаг юм байна. Дотоодоос хангах боломжийн талаар судалсан уу?

-Багануур, Баянчандманьд эрдэс бордоо үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдсан. Энэ жилээс бид дотоодын үйлдвэрүүдийн бордоог тариалан эрхлэлтийг дэмжих сангаар аж ахуйн нэгжүүдэд дамжуулан зээлдэж, нийлүүлэхээр бэлтгэж байгаа.

Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нь жилд 10-15 мянган тонн. Манай жилийн хэрэгцээ 140 гаруй мянган тонн байдаг. Манай тариаланчид мөнгө санхүүгийн бололцооноос болж зөвхөн тарилтын үед л бордоо хэрэглэж байна. Гэтэл уринш боловсруулалт, ургацын явц, бүх шатанд хэрэглэж байж хөрсний үржил шимд нөлөөлж ургац ахиу авах бололцоо бүрдэнэ гэдгийг  манай эрдэмтэд өнөөдөр зөвлөж байна.

-Тариаланчид энэ жил ямар амжилтад хүрэхээр зорьж байна вэ?

-Бид өнгөрсөн жил 388 мянган га талбайд уринш бэлдсэн. Үүний 381 мянган га-д үр тариа тариалахаас 362 мянган га-д улаанбуудай тариална. Мөн 15 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 28 мянган га-д тэжээлийн таримал, 20 гаруй мянган га-д тосны ургамал тарина гэсэн төлөвлөгөө  гаргасан. Га-гаас авах ургацаа сүүлийн таван жилийн дунджаар тооцож үзэхэд төмс, улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг хангахаар байгаа.

Хүнсний ногооны тариалалтын хувьд энэ жилээс зөвхөн газар тариалан хөгжсөн төвийн бүс нутгуудаар бус, баруун болон говийн аймаг дахь тариалалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байна.

-Жимс, жимсгэнийн хувьд?

-Мөн тусад нь хөтөлбөр боловсруулж байна. Хамгийн чухал нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх юм. Тариалалтыг нэмэгдүүлэх ёстой. Жишээлбэл 6000 гаран га-д жимс жимсгэнэ тариалж байгаагийн 5000 га нь чацаргана, үлдсэн нь бусад төрлийн жимс, жимсгэнэ. Үүнийг эрчимтэй нэмэгдүүлж ойрын ирээдүйд чацарганы тариалалтыг 15 мянган га хүргэж чадвал бидэнд экспортын том боломж байна. Хагас боловсруулж шахсан тос, шүүс хэлбэрээр экспортловол тайвань, япончууд манай чацарганыг маш их сонирхож байна.

 

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны04 сар / 19 21:29

Тариаланчддаа бордоо өгнө л гэх юм дандаа гадаадын бордоо химийн бордоо өгөөд бна.Эх орондоо үйлдвэрлэсэн жил бордооны үйлдвэрүүдэд дэмжсээр бна аа.Дарга нараа...