Хүний хөгжил

Тэмцэх бол соёл 2017-04-18 09:40

Урь орлоо. Жагсаалын улирал ч боллоо. Хавар болохоор жагсдаг үзэгдэл одоо бараг л уламжлал болж. Тэмцэж байгаа нь сайн хэрэг. Монголчууд тэмцдэг ард түмэн. Харин хавар болгон л болж байдаг жагсаалаас хэд нь үр дүнд хүрэв гэвэл өөр асуудал болно. Тэмцэхэд учир бий. Тэмцэл гэдэг бол соёлын шалгуур ойлголтуудын нэг, тухайн улсын хүний хөгжлийн түвшинг илтгэх барометр. Тэмцэл гэдэг өөрөө маш том соёл юм. Өөрөөр хэлбэл соёлтой тэмцэл хүчтэй байдаг бөгөөд зөв тэмцэж сурсан ард түмэн төдийгүй тухайн улс хөгждөг.

Тэгвэл бид зөв тэмцдэг үү? Дэлхий дахин тэмцэж байна. Зөвхөн бид биш. Сөүлээс Истанбул хүртэл Делигээс Москва хүртэл дэлхий дахинд гудамжны тэмцэл өрнөж байна. Эвлэлдэн нэгдэж, тэмцэнэ гэдэг бол ардчилсан нийгмийн үнэт зүйл, ардчиллын амин сүнс. Тэмцэл бүхэн амжилтанд хүрдэггүй. Зөв тэмцэл л үр дүнгээ өгдөг.
Тэгвэл ямар тэмцлийг зөв тэмцэл гэх вэ? Ямар тэмцэл үр дүнд хүрдэг вэ? Улс төр судлаач Дэвид Фрум “...зорилготой, эмх цэгцтэй, соёлтой, бас үнэн эх оронч байх учиртай. Өөртэй чинь санал нийлэхгүй хүмүүсийг ятган эгнээндээ нэгтгэснээр тэмцэл амжилтанд хүрдэг” хэмээн тодорхойлжээ. 

Амин сүнс буюу зорилго

Шударга ёсны төлөөх ард түмний амжилттай тэмцлийн бас нэгэн түүх Өмнөд Солонгос улсад бичигдэв. Солонгосын ард түмэн дэлхийн бусад ард түмэнд шударга ёсны үлгэр болов. Тэд тэмцэлд үнэт зүйл, утга учир байх ёстойг харуулсан. Ерөнхийлөгч асан Пак Гын-хэ албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан, төрийн үйл хэргийг үнэгүйдүүлсэн зэрэг үйлдэл нь эртнээс Күнзийн суртлаар хүмүүжиж /төрийн албанд орохын тулд Күнзийн ёсыг судалдаг байсан түүх бий/ Күнзийн ёсыг төрийн ёс болгосон Солонгосын ард түмний хувьд үнэт зүйлд нь халдсан хэрэг болсон. Reuters агентлагын мэдээлснээр 2016 оны аравдугаар сарын нэгний өглөө нэгэн эр Сөүлийн Ерөнхий прокурорын газрын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж эхэлснээр уг тэмцэл газар авсан. Ганц хүний эхлүүлсэн жагсаал сарын дараа буюу арванэгдүгээр сарын гурван гэхэд бүх Солонгос үндэстэнг хамарч, жагсагчдын тоо 1,9 саяд хүрсэн. Энэ бол Солонгосын түүхэнд гарсан хамгийн олон хүн оролцсон тэмцлийн хөдөлгөөнд тооцогдож байна.
Солонгосын ард түмэн өөрсдийн үнэт зүйл /нийгмийн болоод оюун санааны/,  шударга ёсны төлөө тэмцсэн учир уг тэмцэл амжилтанд хүрч өдгөө ерөнхийлөгч асан Пак Гын-хэ огцорч улмаар ял эдэлж байна. Өөрөөр хэлбэл хүн бүрийн ёс суртахууны үнэт зүйлийг ямар нэг хэмжээгээр хөндсөн тул ард түмэн тэмцсэн. Харин Монголчууд бидний тэмцэл үнэт зүйлгүй, зорилгогүй, ихэнхдээ улс төрийн хэн нэгний хатгаасаар хийгддэг. Иймээс ч төрийн ордон тойрч алхах, нум сум харвахаас хэтэрдэггүй. 

Үнэн эх оронч

1930 он. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын колончлол, дарлал Энэтхэгт дээд цэгтээ хүрсэн. Тэр үед агуу удирдагч гарч ирж ард түмнээ тэмцэлд уриалсан нь өнөөгийн тусгаар тогтносон Энэтхэг улсын эхлэлийг тавьсан юм. Энэ хүн бол Махатма Ганди. Түүний тэмцлийн гол шалтгаан нь Британи Энэтхэгчүүдийг давс олборлох, худалдаалахыг хориглосон хууль байсан. Махатма Ганди Энэтхэгээс Арабын тэнгис хүртэл 240 милл газрыг явганаар туулжээ. Түүний тэмцэл өдөр ирэх бүр Британичуудыг эсэргүүцэгчдээр нэмэгдсээр байсан. Атга давсны тэмцэл тусгаар тогтнолын тэмцэл болж хувирсан. Энэхүү өдрөөс 17 жилийн дараа Энэтхэг улс тусгаар тогтнолоо авч чадсан. Махатма Ганди хэлэхдээ “Хүчирхийллийн бус тэмцлийг зөв ойлгож, зөв хэрэглэвэл асар их хүч болдог” хэмээн тодорхойлжээ..
Харин монголчууд бидний тэмцлийн удирдагчид нь улс орон, нийтийн эрх ашгийн төлөө гэхээсээ илүү явцуу эрх ашгийн төлөө ард түмнийг тэмцэлд турхиран дууддаг. Харин асуудал гарахад уснаас хуурай гардаг. Ийм тэмцэл жил бүрийн хавар болдог. Эцэстээ тэмцлийн утга учир алдагдсаар.  2008 оны долдугаар сарын нэгний хэрэг үүнийг гэрчлэх бөгөөд өнөөг хэр тус үймээнийг хэн зохиосон нь тодорхойгүй. Тодорхой зүйл гэвэл таван сайхан залуу амиа алдаж, олон хүн шархдаж, эд материалын хохирол амссан.

Эмх цэгц буюу соёл

Солонгосчууд дэлхий нийтийг тэмцэгч чанараараа төдийгүй соёлын түвшингээрээ гайхашруулсан. Жагсаалд оролцогчид дор бүрнээ хогоо цэвэрлэж, орчноо цэгцлээд тарсан нь хувь хүний болоод нийгмийн ухамсар өндөр байгааг харуулсан.
Хонг Конгчууд ч өөрсдийн соёлын түвшин, нийгмийн ухамсар өндөр болохыг дэлхий нийтэд харуулсан. Хятадын тал Хонг Конг-ын эрх баригчдад шахалт үзүүлж эхэлснийг иргэд эсэргүүцэн гудамжинд гарсан. Энэ үед цагдаагийн ажилтнууд нулимс асгаруулагч, газ ашиглаж эхэлсэн ч талбайд цугласан хэдэн мянган  хүн эмх замбараагаа алдаагүйн дээр мөн л орчин тойрноо цэгцэлж, нэг нэгэндээ тусалж байсан. Жагсаалын үеэр нэг ч хүн бэртээгүйн дээр эд материалын хохирол гараагүй.  Ийм эмх цэгцтэй тэмцэл үр дүнд хүрдэг төдийгүй нийгмийн хэв журам, бусдын аюулгүй байдалд ч хохирол учруулдаггүй.
Тэмцэнэ гэдэг бол соёл. Энэхүү соёлд хүн бүр суралцах учиртай. Харамсалтай нь манай иргэдийн нийгмийн боловсрол дутмаг, энэ талын мэдлэг сул байгаагаас нийгэм идэвхгүй, тэмцэл хүчгүй байна. Суурь боловсролын системд нийгмээр амьдрах арга буюу нийгмээ зөв тусгах, иргэний болоод хувь хүний эрхийн тухай ойлголтыг төлөвшүүлэх улмаар улс орныхоо хөгжлийн чиг хандлага зэргийг иргэдэд багаас нь ойлгуулснаар иргэдийн нийгмийн ухамсар сэргэнэ. Тэмцдэг, зөв тэмцдэг, оюунлаг иргэдийг бэлтгэснээр нийгэмд шударга ёс, ард түмний сэтгэлд зүйд үнэт чанар төлөвших юм.
 
Бичсэн: М.Билгүүн

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД